Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Ардчилсан намын даргын сонгуульд хамгийн олон санал авсан М.Тулгатыг Их хурлаараа батламжилна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын даргын сонгуулийн үр дүнгийн талаар тус намын дарга С.Эрдэнэ өнөөдөр танилцууллаа.

Уг намын даргыг сонгох сонгууль нь цахим болон цаасан хэлбэрээр явагдсан бөгөөд хоёр санал хураалтын ялгаа ба зөрчил гарсан эсэх тухай тэрбээр мэдээлсэн юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Цахим сонгууль амжилттай явагдсан. Үүнд ямар нэг зөрчил үүсээгүйг дурдмаар байна. Таван хүн нэр дэвшсэнээс хамгийн олон саналыг М.Тулгат авч, шинэ даргын сонгуульд ялсан. Үндсэн дүрмийн дагуу хамгийн олон санал авсан хүн намын Их хурлаар орж, ёсчлон батламжлагдах юм. Намын их хурлыг тавдугаар сарын 2-нд зарласан. 

Энэ удаад цахим болон цаасан сонгуулийн ихээхэн ялгааг харууллаа. Цаасан сонгуульд 1 тэрбум 400 сая төгрөгийн зардал гаргасан гэж мэдээлсэн. Харин цахим сонгуулийн зардалд 140 орчим сая төгрөг зарцууллаа. 

Ардчилсан нам бол нэгдмэл нэг нам. Дүрмийн бус үйлдэл, дүрмийн бус сонгууль хийж, намын нэр хүндийг унагаасан хүмүүст үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцох болно. 

Цаасан сонгуулийн үр дүнд 70 орчим мянган хүн саналаа өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Намын дотоодод болж буй сонгууль учир үүнд дотоод хяналт хийхэд нэлээд зөрчил гарсан. Гуравдугаар сарын 28-нд улсын хэмжээнд 12 аймагт хөл хорио тогтоосон байсан. Дотоод сонгуулийн хороо гэж буй нөхдүүд гуравдугаар сарын 27-нд хуралдаж, урьдчилсан санал хураах шийдвэр гаргасан байна. Гэвч тухайн үед байгаль цаг уур, цар тахлын нөхцөл байдал зэргээс хамаарч 70 орчим мянган хүн санал өгөх ямар ч боломжгүй байлаа" гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр цахим сонгуулийн талаар "Цахимд шилжиж байж ил тод, нээлттэйгээр улс төрийн намын үйл ажиллагаа явагдах учиртай. Цахим санал хураалтад ямар ч асуудал гараагүй. Сонгуулийн хугацаанд ажиглагч нар хянахад нэр дэвшигч нэг бүрээр нарийвчилсан тоо гарсан. Уг санал хураалтад 30,770 гишүүн саналаа өгсөн. 20 минутын хугацаанд халдлага гарсан тул серверийг шилжүүлж, хэвийн байдалд шилжүүлсэн" хэмээв.

Мөн Ардчилсан нам хоёр хуваагдсан гэх мэдээллийн тухайд С.Эрдэнэ өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Сонгуультай холбоотойгоор нам хоёр хуваагдсан мэтээр ярьж, олон түмний санаа бодлыг зориудаар төөрөгдүүлж байна. Ц.Туваанд хүнд үзүүлэх эрх зүйн акт, тогтоол шийдвэр байхгүй. Ардчилсан намын дарга гэдгийг нотлох хамгийн том нотолгоо улсын бүртгэлийн гэрчилгээ. Улсын бүртгэлийн гэрчилгээний ард С.Эрдэнэ гэж бичсэн байгаа" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/4ytFcsI5vG/