Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор шүлснээс коронавирусийг тодорхойлж эхэлнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө өнөөдөр хүлээн авлаа.

Уг оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх гэрчилгээг Монгол Улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн батламжаар гардуулж буй аж.

 "Энэхүү оношлуур нь SARS Cov2 вирусийг маш үнэнчээр тодорхойлдог нь тогтоогдсон"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Шүлснээс коронавирусийг тодорхойлох оношлуур нь сорьцыг лабораторид хийснээс хойш 90 минутын дотор хариуг гаргах бөгөөд шинжилгээ хийх өртөг нь 31,200 төгрөг гэдгийг АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад хэрэглэж байгаа оношлуурын цомгууд коронавирусийн 100 хуулбар хүний биед байхад тодорхойлох чадвартай.

Тэгвэл шүлснээс коронавирусийг илрүүлэх энэхүү PCR-ийн оношлуур нь хүний биед коронавирусийн 6-12 хуулбар байхад илрүүлэх чадвартай буюу нэлээд өндөр мэдрэг чанартай.

Бид уг оношлуурыг коронавирусийн гомологийн 20 гаруй төрлийн вирустэй харьцуулан судалгаа хийхэд ямар нэг байдлаар солилцох урвалд ороогүй.

Өөрөөр хэлбэл, энэхүү оношлуур нь SARS Cov2 вирусийг л маш үнэнчээр тодорхойлдог болох нь тогтоогдсон. Тиймээс эрүүл мэндийн салбарт хэрэглэхэд хангалттай түвшинд байна гэж үнэлэгдэж байгаа хэрэг.

"Шүлснээс коронавирус тодорхойлох шинжилгээний өртгийг ₮7,800 болгон бууруулах боломжтой"

Бид УОК болон ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр одоогоор 4,000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгоод байна. Өнөөдөр Монгол Улсад химийн үйлдвэр хөгжөөгүй учраас шаардлагатай урвалж оношлууруудыг Герман, Япон зэрэг улсаас зайлшгүй татаж авах хэрэгтэй.

Харин манай улс дотооддоо хангалттай хэмжээнд нөөцөө бүрдүүлж чадвал өдөрт 20,000 нэгж шинжилгээний оношлуурыг хийж чадна гэсэн тооцоотой байгаа.

Энэхүү оношлуураар шинжилгээ хийх өртөг 31,200 төгрөг болж буй. Мөн мэдрэг чанар нь маш өндөр учраас бид 4, 6, 10 сорьцыг нэг дор хийх байдлаар туршиж үзэхэд шинжилгээний хариу, чанарт нь нөлөөлдөггүй болох нь тогтоогдсон. 

Тиймээс нэгж шинжилгээний өртөг нь 7,800 төгрөг хүртэл буурах боломжтой” гэсэн юм.

"Уг оношлуурыг бусад улсад нийлүүлэх талаар судалгаа хийнэ"

Үргэлжлүүлэн "Өнөөдөр Монгол улс дотооддоо шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг бүтээж бүртгэж авч буй анхны тохиолдол болж байна.

Мөн дэлхий дахинд яг ийм цомог хэлбэрээр буюу иж бүрдлээр нь тухайн улс нь бүртгэж авсан анхны тохиолдол болж байгаа. Түүнээс биш дэлхийд гарч ирж буй анхны бүтээгдэхүүн биш гэдгийг иргэд зөв ойлгох хэрэгтэй.

Шүлснээс коронавирусийг тодорхойлох оношлуурыг Япон, АНУ, Филиппин, ХБНГУ, Унгар, БНСУ хэрэглэж байгаа боловч яг ийм иж бүрдлээр нь гаргаж аваад улс нь бүртгэсэн тохиолдол байхгүй.

Харин цаашид энэ оношлуурыг бусад улсад нийлүүлэх нь дараагийн асуудал. Гэхдээ бид энэ талаар судалгаа хийж үзнэ” хэмээн онцлов.

"Дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор шүлснээс коронавирусийг тодорхойлж эхэлнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар шүлсэнд коронавирусийг тодорхойлох эрхээ өнөөдөр албан ёсоор авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд "Албан ёсны эрхээ ийнхүү авсан тул өнөөдрөөс шуурхай бэлтгэл ажилдаа орж, ойрын 1-2 хоногт PCR оношилгооны мэргэжилтнүүдэд уг оношлуурын талаар сургалт явуулна" хэмээн хэллээ.

Тэрбээр, Монгол Улс дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор шүлснээс коронавирусийг тодорхойлж эхлэхийг мэдэгдэв.

"PCR шинжилгээний өртөг 2.5 дахин багасах ач холбогдолтой үйл явдал болж байна"

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин “Энэ оношлуурыг нэвтрүүлснээр PCR шинжилгээний хугацаа богиносож, өртөг зардал нь 2.5 дахин багасах ач холбогдолтой. Энэ оношлуураар шинжилгээ, оношилгоог түргэн шуурхай амжилттай хийх ажилд ЭМЯ-наас идэвх зүтгэл гаргах болно гэдгийг хэлье” гэсэн юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn