Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг жил хүрэхгүй хугацаанд дуусгах шаардлагатайг эрдэмтэд анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Олон улсын People’s Vaccine Alliance байгууллага дэлхийн 28 улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх 77 эрдэмтнээс авсан судалгаагаа саяхан танилцуулжээ.

Тэдгээр эрдэмтдийн гуравны хоёр нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр нэг жил хүрэхгүй хугацааны дотор дуусах шаардлагатай гэж үзсэн байна. Гуравны нэг орчим нь энэ хугацааг есөн сараас хэтрэхгүй байх ёстой гэж хариулжээ.

Хүн амын ихэнх хэсэг дархлаажуултад хамрагдахгүй удах тусам вирус улам бүр мутацлагдаж, илүү аюултай, илүү халдвартай, илүү вакцинд тэсвэртэй болох юм байна.

“Шинэ мутацууд өдөр бүр нэмэгдэж байна. Сүүлдээ тэд өмнөх хувилбараасаа илүү хүчтэй болж хувьсах боломжтой. Дэлхий нийтийг вакцинжуулж амжихгүй удах тусам бид вируст хувирах, хөгжих боломж олгоно гэсэн үг. Ингэвэл бидний өнөөдрийн вакцин вирусээс хамгаалж дийлэхгүй болно” гэж Йелийн их сургуулийн эпидемиологийн профессор Грэг Гонсалвез мэдэгджээ.

Эндээс дэлхий нийтээрээ жигд вакцинжуулагдаж байж цар тахлын аюулаас салах нь харагдаж байна.

Өнөөдрийн байдлаар АНУ, Их Британи зэрэг баян чинээлэг улсууд насанд хүрсэн хүн амаа бүрэн дархлаажуулах хэмжээний вакцины нөөцтэй болоод байгаа. Гэтэл Ази, Африкийн зарим улс орон ганц ч тун вакцин нөөцөлж чадаагүй байна.

Вакцины тэгш хүртээмжийг сайжруулах зорилготой олон улсын Covax хөтөлбөр 2021 онд дэлхийн бага орлоготой улс орнуудын хүн амын 27 хувийг дархлаажуулах зорилт тавьсныг хангалтгүй гэж судлаачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Guardian