Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямбаяр: Шүлсэнд коронавирусийг тодорхойлох оношлуурын цомог нь Монголд төдийгүй дэлхийд анхдагч болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирусийг илрүүлэх оношлуур бүтээсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл шүлснээс авсан сорьцноос коронавирус илрүүлэх шинжилгээг АШУҮИС дээр хийж эхэлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр "Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд COVID-19-ийг тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаа. Хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм" хэмээн бичсэн байна.

Маргаашнаас шүлсэнд КВ19 тодорхойлох шинжилгээг #АШУҮИС дээр хийж эхлэх гэж бна. Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол...

Нийтэлсэн Nyambayar Dashtsoodol2021.03.29, даваа

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой аж.

Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулж байсан билээ.

Ташрамд дурдахад, өнөөдөр 12:00 цагт Эрүүл мэндийн яаманд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУҮИС-ийн эрдэмтэдэд гардуулан өгөх юм.