Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Чехийн хамгийн баян хүн нисдэг тэрэгний ослоор нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Чех улсын хамгийн баян хүнд тооцогддог Петр Келлнер өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Аляска мужид нисдэг тэргээр зорчиж яваад осолдож нас баржээ.

Уг ослоор нийт таван хүн нас барж, амьд үлдсэн нэг хүний биеийн байдал хүнд байгааг мэдээлсэн байна. Тэд өндөр уулнаас цанаар гулгахын тулд нисдэг тэргээр өгсөж явжээ.

Нисдэг тэргийг Аляскын Tordrillo Mountain Lodge дээд ангиллын амралтын газар үйлчлүүлэгчдэдээ зориулан захиалсан юм байна. Осолдсон хүмүүс нь амралтын газрын гурван үйлчлүүлэгч, хоёр хөтөч, нисдэг тэрэгний жолооч байжээ.

56 настай Келлнер нь PPF Group хөрөнгө оруулалтын компанийн үүсгэн байгуулагч юм.

Тэрбээр улсынхаа тэргүүн баян төдийгүй Европын хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогддог. Келлнерийн хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $17.5 тэрбум, Блүүмбэрг агентлаг $15.7 тэрбум гэж тооцоолсон байдаг.

Анх оффисын хангамжийн бизнес эрхэлдэг байсан Келлнер сүүлд энэ бизнесээ барьцаалан $1 саяын зээл авч, улсынхаа даатгалын томоохон компанийн хувьчлалд оролцон хяналтын хувийг нь эзэмших болжээ. Эндээс түүний тэрбумтан болох замнал эхэлсэн байна.

Амралтын газрын захиргаа 17 жилийн түүхэнд нь анх удаа ийм эмгэнэлт явдал тохиолдсон тухай мэдээлээд талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Тус амралтын газраар үйлчлүүлэгч $15,000 төлөөд нэг долоо хоног амрахдаа нисдэг тэргээр уулын өндөрлөг цэгт хүрч, цанаар гулган буух боломжийг эдэлдэг гэнэ.

Мэргэжилтнүүд Airbus AS 350-B3 нисдэг тэрэгний ослын шалтгааныг шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider