Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжилгээний цэгүүдийн бодит байдал буюу "ШИНЖИЛГЭЭ АВАХГҮЙ"

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19 халдварыг илрүүлэх шинжилгээний цаг дөрөвдүгээр сарын дунд хүртэл олгогдож дуусаад байна.

ЭМЯ-наас вакцинжуулалтын ажилд анхаарлаа хандуулж байгаа учраас шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлэх боломжгүйгээ удаа дараа мэдэгдсэн бөгөөд зөвхөн цаг авсан иргэдээс шинжилгээ авч байгаа. Үүнтэй холбогдуулан шинжилгээний цэгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Дарга нарын үл ойлголцлоос үүдэн эрүүл мэндийн ажилтнууд хохирч байна

Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 11 цэг ажиллаж, иргэдээс шинжилгээ авч байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр, бусад дүүрэгт тус бүр нэг цэг ажиллаж байгаа. 

Шинжилгээ авах цэгт очвол хүн хоорондын зай барих асуудал огт байхгүй, цаг аваагүй ч яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай болсон иргэд цэгийн гадаа байх цагдаагийн алба хаагчаас учирлаж гуйж, уурлаж бухимдан дугаарлана. Цаг авсан болон албан шугамаар шинжилгээ өгөх гэж буй хүмүүс гадна хашааны хаалгаар нэвтэрч ороод барилгын үүдэнд дугаарлаж, дахин цагдаагийн алба хаагчид цаг авсан баримтаа үзүүлж, дотогш нэвтэрнэ.

Дотор орсон хүмүүсийг харин зай бариулан дугаарлуулсан байв.

Шинжилгээний цэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын хэлж буйгаар нэг цэгт өдөрт 500 ширхэг сорьц цуглуулах хэрэгсэл өгдөг байна. Иргэдээс авсан сорьцоо шинжлүүлэхээр лабораториудад хандахад ачаалал ихтэй тул зарим үед 10, 20 ширхгээр нь лабораториудад тарааж өгсөөр оройн 22:00 цагт ажлаасаа буудаг гэв.

Ийнхүү ачаалалтайгаас гадна зарим үл ойлгоцлоос үүдсэн дарамт ирдгийг мөн ярьж байв.

Тухайлбал, цаг аваагүй буюу албан ажлаар шинжилгээ өгч буй хүмүүсийн шинжилгээг нэг дарга "ав" гэхэд нөгөө дарга нь "тоотой хэрэгсэл дутаалаа, өөрөө хувиасаа төлөөрэй" гэх мэтээр дарамталдаг байна. Уртасгасан цагаар, байнгын бухимдал дунд ажиллаад нэмж дарга нарын үл ойлголцлоос үүдэн ойлгомжгүй байдлууд үүсэж байгааг эрүүл мэндийн ажилтнууд учирлаж байв.

Хоолой өвдөх, халуурах, цээжээр нь хатгуулах КОВИД-19-ийн шинж тэмдэг мөн үү?

Халдварын шинж тэмдэг илэрсэн ч хаана хандахаа мэдэхгүй байгаа иргэний жишээг танилцуулъя.

Тухайн иргэнд хоолой өвдөх, халуурах, цээжээр нь хатгуулах шинж тэмдэг илэрсэн тул 119 дугаарт ханджээ. Дуудлага авсан ажилтан "Танд илэрч буй шинж тэмдгүүд КОВИД-19 халдварын шинж тэмдэг биш" хэмээн хэлсэн байна.

Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж үзүүлтэл өрхийн эмч халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгөөрэй хэмээн бичиг хийж өгчээ. Тухайн бичгээ үзүүлээд шинжилгээ авах цэгт очиход нь "Халдварын шинж тэмдэг илэрсэн хүн шинжилгээний цэгт ирж болохгүй. 119 дугаарт хандаад гэртээ өөрийгөө тусгаарлан хүлээх ёстой. Ачаалал их байгаа учраас 3 хоног ч хүлээж болно" гэх хариултыг шинжилгээний цэгийн хамгаалалтад ажиллаж буй цагдаагийн алба хаагч өгсөн байна. 

119 дугаарын дуудлагад ажиллаж буй ажилтан, өрхийн эмч, шинжилгээний цэгийн ажилтнуудын өгч буй зөвлөмж зөрж байгаа энэ тохиолдолд тухайн хүн халдвартай эсэхээ яаж мэдэж, ажил амьдралаа хэрхэн зохицуулах вэ?

Энэ ганцхан жишээн дээрээс л харахад эрүүл мэндийн ажилтнууд халдварын шинж тэмдэг болон хэрхэн ажиллаж байгаа талаар нэгдсэн ойлголттой болоогүй л байна. Уг нь манай улсад халдварын анхны тохиолдол бүртгэдсэнээс хойш ЭМЯ-наас өдөр бүр мэдээлэл хийж, байж болох бүхий л төлөвлөлтийг хийсэн хэмээж байгаа ч бодит байдал дээр тодорхой зүйл алга.

КОВИД-19-ийн халдварын үед ямар шинж тэмдэг илрэхийг ЭМЯ-ны вэб хуудсаас харвал,

 
ЭМЯ-ны вэб хуудсаас авав.

Дээрх нөхцөл байдлаас харвал иргэд халдвар авсан эсэхээ мэдэх боломжгүй байна. Хэрэв иргэн 15 хоногийн дараах шинжилгээний цагийг хүлээлгүй халдвартай эсэхээ яаралтай мэдэхийг хүсвэл хувийн эмнэлгүүдэд 80-100 мянган төгрөгийн төлбөр төлж шинжилгээ өгөх нь. 

Түүнчлэн шинжилгээний цэгийн ажилтнууд нь илүү цагаар, өндөр ачаалалтай ажиллаад, дээрээс нь элдэв дарамтад өртөж байна. 

Хоёрдугаар сард буюу Цагаан сарын үеэр хөл хорио тогтоож "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлыг зохион байгуулан 480 орчим мянган шинжилгээ хийгээд 100 тохиолдол илрүүлсэн. Энэ ажил үр дүнтэй байсан уу гэх асуултад албаныхан "үр дүнтэй байсан" гэхээс өөрөөр тоймтой хариултыг өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл бодитоор нөхцөл байдал хүндэрсэн энэ үед иргэдээс авах шинжилгээний тоо маш цөөн, хүртээмжгүй байдал үүсээд байна.