Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Суэцийн сувагт гацсан хөлөг байрнаасаа хөдөлсөн тухай мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Суэцийн сувагт гацаад зургаа хонож буй “Ever Given” аварга ачааны хөлөг байрнаасаа хөдөлсөн тухай мэдээ саяхан ирлээ.

Сувгийн захиргааны тэргүүн Осама Раби хөлгийн хайрдсан хошуу чөлөөлөгдөж, хөлөг анх удаа байрнаасаа хөдөлсөн тухай мэдээлжээ. Тэрбээр “Бид бүрэн чөлөөлж дуусаагүй байна. Гэхдээ анх удаа хөдөлгөлөө” гэж ярьсныг The Wall Street Journal мэдээлсэн байна.

Гацсан хөлгийг чөлөөлөх ажилд нийтдээ 10 чирэгч усан онгоц ашиглагдаж байгаа гэнэ.

Үүнээс гадна “Ever Given” хөлгийн хайрдсан сувгийн эргийн хэсгээс олон мянган тонн элс шороо ухсан байна. Бас сувгийн усанд үүссэн өндөр давалгаа чөлөөлөх ажиллагаанд сайнаар нөлөөлжээ.

20,000 чингэлэг бараа тээвэрлэх даацтай, 400 метр урт ачааны аварга хөлөг гуравдугаар сарын 23-ны өдөр Суэцийн сувгийн эрэгт хайрдаж, гацсанаар Ази-Европыг холбодог далайн чухал замд саатал гарсан юм. Тухайн үед дэгдсэн хүчтэй салхи хөлгийн чиглэлийг өөрчилж, хошууг нь эргийн гүехэн хэсэгт хайрдуулсан байна.

Өнөөдрийн байдлаар 369 хөлөг онгоц Суэцийн сувгаар нэвтрэх гэж хүлээж байгааг Осама Раби мэдээлжээ. Тэдгээрийн дотор газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлгүүд байгаа гэнэ.

Хөлгүүдийн зарим хэсэг нь Суэцийн суваг чөлөөлөгдөхийг хүлээлгүй Африк тивийн өмнөд үзүүр болох Сайн Итгэлтийн хошууг тойрох замыг сонгосон байна. Энэ замаар аялахад нэмэлт 7-10 хоног зарцуулах тул Ази, Европын хооронд тээвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж магадгүй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian