Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн мэдээллийн сан яагаад байх ёстой вэ?

ikon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энгийнээр тайлбарлавал нэгэнд нь илүүдэж байгаа хөрөнгө нөгөө хүнд хэрэгцээ болж байдаг тул зээл үүссэн. Хэрэгцээтэй хүн нь мөнгө зээлж ашиг олоод эргээд тодорхой хэмжээгээр нэмж төлсөнөөр “WIN-WIN” харилцаа бий болж байгаа юм. Хувь хүмүүсийн хувьд ийм харилцаа бүрэн “итгэлцэл” дээр явагддаг. “Муриа” найздаа та их хэмжээний мөнгө зээлэх үү? Таны итгэлцлээс л шалтгаална. 

Харин арилжааны банкны хувьд таныг “итгэж болох хүн” гэдгийг хэрхэн мэдэх вэ? Таны бүрдүүлж өгсөн хамаг сайхан түүхээр чинь дүгнэхэд учир дутагдалтай. Тиймээс л гуравдагч этгээд буюу “Зээлийн мэдээллийн сан” гарч ирж байгаа юм. Энэ бол “МЭДЭЭЛЛИЙН” сан. Зээл авсан бол түүнийгээ эргэн төлөх таны чадварыг харуулах мэдээллийг агуулсан сан. Харин хүмүүсийн өнгөцхөн ойлгоод байгаа “хар дэвтэр” огтоос биш юм.

Та санхүүгийн харилцаанд хариуцлагатай оролцдог бол таны түүх “сайн” гэж үнэлэгдэнэ. Хариуд нь мэдээж таны зээл авах боломж дагаад өснө. Санхүүгийн систем өндөр хөгжсөн орнуудад хувь хүний “Credit Score” буюу “Зээлийн Оноо” маш чухал. Хэрэв таны зээлийн мэдээллийн сангийн түүх сайн, та өндөр оноотой бол санхүүгийн бараг бүх талбарт таньд боломж үүснэ гэсэн үг. Таны үйлчлүүлдэг дэлгүүр таньд “зээлийн карт”-аа ямар ч барьцаа, хөрөнггүйгээр санал болгох болно.

Санхүүгийн сахилга бат өндөр үед зээл авах боломж их, зээлийн хүү ч дунджаас харьцангуй багаар тооцогддог. Учир нь та зээлээ эргэн төлөх чадвартай гэдгээ өөрийн түүхээрээ баталж байна. Нөгөө талаар зээл гэдэг бол ирээдүйн орлогоо урьдчилан авч байгаа хэрэг шүү дээ. Тиймээс та зээлийн мэдээллийн сангийн дагуу “итгэж болох хүн” мөн бол цалин хүлээж суухгүйгээр зээл урьдчилан авч ирээдүйд эргүүлэн төлөх боломжийг энэ сангийн мэдээлэл таньд олгох юм. Энэ нь таньд санхүүгийн хувьд ямар их боломжыг нээж болохыг ТА ойлгож байна уу? Тиймээс энэ “Зээлийн мэдээллийн сан” бол таны ирээдүйн санхүүд чухал ач холбогдолтой юм. 

Гэтэл нөгөө талд зээлийн түүх “муу” ангилалд багтсан хүмүүсийн хувьд “хар данс” нь болчихоод байна. Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-нд дараах байдлаар зээлийн мэдээллийг ангилдаг:

Ангилал

ӨР ТӨЛБӨР ТӨЛӨГДӨХ ХУГАЦААНААС ХЭТЭРСЭН ХОНОГООР

Хэвийн

Анхаарал хандуулах

Хэвийн бус

Эргэлзээтэй

Муу

Зээл

≤15, ≤30

≤90

91-180

181-360

≥361

Бүтэн жил зээлийн төлбөрөө төлөөгүй үед таныг “муу” зээлдэгч гэсэн ангилалд оруулдаг байх нь.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 22 дугаар зүйлийн 1.1-т “Өөрийн зээлийн лавлагааг зээлийн мэдээллийн сангаас хүссэн үедээ үзэж, хяналт тавих, тухайн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах” гэж заасан байна. Тэгэхээр иргэд өөрийн зээлийн түүхээ хянах бүрэн боломжтой. 1 жил төлөөгүй бол муу зээлд орчихдог эрсдлийг 1 жилд 1 удаа “үнэгүй” лавлагаа аваад зээл төлөлтөө төлөвлөх боломжтой байх нь.

Нөгөөтэйгүүр, цахим орчин, сошиал сүлжээ хурдацтай өсч байгаа нь иргэдийн аливаа мэдээллийг цахимжуулах, бүртгэх улмаар тухайн иргэний мэдээллийн санг үүсгэх боломж нөхцөлийг илүүтэй бүрдүүлж байна. Бидний урд хөрш болох БНХАУ-д гэхэд зөвхөн зээлийн түүх төдийгүй нийгмийн харилцаанд оролцож байгаа түүхийг хүртэл харгалзан үздэг жишиг тогтсон байдаг. Ингэхдээ зөвхөн таны санхүүгийн сахилга бат төдийгүй нийгэмд сөрөг үйлдэл (байгаль орчин бохирдуулах, хууль бус үйлдэл гаргах г.м) гаргасан бол таны энэ түүх зээл авахад төдийгүй хүүхдүүдээ сайн сургуульд оруулахад хүртэл нөлөөлдөг гэж The Wall Street Journal-д нийтэлжээ. 

Бидний өвөг дээдэс хэзээнээс л “гурван нүүдлийн цаадхыг хар” гэж сургамжилж ирсэн. Гэтэл бид зээл авах гэсэн “ганцхан” нүүдлийн төлөө ирээдүйн боломжуудаа үгүй хийж байгаа юм биш биз. Нэгэнт муу зээлдэгч болчихсон бол таны зээлийн түүх зээл төлөгдөж дууссан өдрөөс 6 жилийн дараа харагдахгүй болно. Энэ зургаан жилд зээлийн түүхээ дахин шинээр бичих, санхүүгийн сахилга бат бий болгох, санхүүгийн хямралаас гарах боломжийг таньд олгож байна гэсэн үг. Нэгэнт “муу” зээлдэгч болчихсон хүнийг нэг удаа “өршөөлөө” гээд тэр хүн ахиад муу зээлдэгч болчихно гэсэн баталгаа байхгүй. 

Зээлийн мэдээллийн сан бүрэн утгаараа хэрэгжиж чадвал залуучууд бидэнд харин ч ашигтай. Зээл авах гэж “баахан” бичиг барим бүрдүүлэх шаардлагагүй болж, Зээлийн оноогоороо л хүссэн банкин дээрээ очоод зээл авах боломж бий болно. Залуучууд бол Монгол Улсын ирээдүй. Бид ямар нийгмийг бүтээнэ, тэр нийгэмд бидний үр хүүхэд амьдарна. Хариуцлагатай, боловсролтой, хөгжил дэвшил дүүрэн нийгмийн төлөө хамтдаа нэгдэж дуугардаг байхыг залуу хүний хувьд залуучууудаасаа уриалахыг хүсэж байна.

Монгол Улсад хариуцлагын тогтолцоо бүх шатанд сул байгаа энэ үед залуучууд бид ч энэ түүхийг давтахыг хүсэхгүй байна. Нийгэм болон ирээдүй хойчийнхоо өмнө хариуцлага хүлээх чадвар, ухамсрыг төлөвшүүлэх нь залуучууд бидний эрхэм зорилго яах аргагүй мөн.