Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос дэгдсэн шороон шуурга хоёр дахь удаагаа Хятад, Өмнөд Солонгосыг нөмрөв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө Хятадын нийслэл Бээжин хотын тэнгэр харанхуйлж, нар хөх өнгөтэй болсон нь энэ хаврын хоёр дахь хүчтэй шороон шуурганаас болсон байна.

Баасан гарагт Монгол улсын нутаг дэвсгэрт үүссэн шороон шуурга Өвөр Монгол, Шаньси, Ляонинь, Хэбэй зэрэг Бээжин хотыг тойрсон мужуудыг нөмрөх аюултай байгааг тус улсын цаг уурын хүрээлэн урьдчилж анхааруулсан юм.

Ням гарагийн өглөө Бээжин хотын агаарын бохирдлын хэмжээ хамгийн дээд цэгтээ буюу 500 хүрсэн байна. Хүний уушгинд нэвтрэх аюултай PM10 тоосонцрын хэмжээ агаарын шоо метр тутамд 2,000 микрограммыг давжээ.

PM2.5 буюу хүний цусанд нэвтрэх чадвартай нарийн тоосонцрын хэмжээ агаарын шоо метр тутамд 462 микрограмм хүрсэн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын стандартаар PM2.5-ын өдрийн дундаж 25 микрограммаас хэтрэхгүй байх ёстой юм.

Өвөр Монголын Баотоу, Чифэнь хотуудад үзэгдэх орчин муудсаны улмаас бүх нислэгийн талаас илүү хувь нь цуцлагджээ.

Тэгвэл энэхүү шороон шуурга өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын бараг бүх нутаг дэвсгэрийг нөмөрсөн байна.

Өглөөний 7:00 цагийн байдлаар Сөүл хот орчимд PM10 тоосонцрын хэмжээ агаарын шоо метр тутамд 452, Дэжон хотод 681, Сэжон хотод 653, Улсан хотод 421, Гванжу хотод 401 микрограмм тус тус хүрснийг Өмнөд Солонгосын агаарын чанарын алба мэдээлжээ.

Тус улсын стандартаар энэ хэмжээ 151 микрограммаас дээш гарахад агаарын чанар “хамгийн муу” түвшинд хүрсэн гэж үздэг. Харин 81-150 микрограмм хүрэхэд “муу” гэж үздэг байна.

Өмнөд бүсийн Бусан хот, Чэжү аралд PM10-ын хэмжээ тус бүр 98 ба 109 хүрчээ.

PM2.5 тоосонцрын хэмжээ Сөүл хотын агаарын шоо метр тутамд 96 микрограмм хүрсэн байна. Солонгосын цаг уурын хүрээлэн амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй хүмүүс, өндөр настнууд, хүүхдүүдэд гэрээсээ гарахгүй байх зөвлөмж өгчээ.

 

Эх сурвалж: The Guardian, Yonhap News