Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны сонгогчдод саналаа өгөх хоёрхон цагийн хугацаа өгчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсад өчигдөр шинээр байгуулагдсан сенатын гишүүдийг сонгох анхны сонгууль зохион байгуулагджээ.

Тус улсын хууль тогтоох байгууллага хоёр танхимтай парламентын бүтцэд шилжиж байгаа юм. Дээд танхим болох сенат нь 56 суудалтай. Үүний 48-ыг нь ард түмнээс сонгож, наймыг нь Туркмений ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов томилох юм.

Өчигдрийн сонгуулиар 48 суудалд 112 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Гэхдээ тэдний дунд ганц ч сөрөг хүчний төлөөлөл байгаагүй гэнэ.

Үүнээс гадна санал авах цагийг өглөөний 10:00 цагаас 12:00 цаг хүртэл тогтоожээ. Туркменистан даяар ердөө зургаан санал авах байр нээсэн байна. Тэдгээрийн нэг нь нийслэл Ашгабат хотод, үлдсэн тав нь бусад бүс нутагт байрлажээ.

Сонирхолтой нь санал авах байрууд хаагдсанаас хойш хэдхэн цагийн дараа нийт бүртгэлтэй сонгогчдын 98.7 хувь нь сонгуульд оролцсон тухай зарласан байна. Туркменистан улс 5.8 сая хүн амтай.

Санал авах байруудад гадаадын ажиглагчид нэвтрэхийг хориглосон юм. Туркменистаны төрийн төв хэвлэлд нэр дэвшигчдийн танилцуулгыг нийтэлснээс харвал ихэнх нь төрийн албан хаагчид байна.

Сонгуулийн үр дүнг энэ долоо хоногт зарлах ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe