Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Ямар вакцин тариулсныг миний эмчээс өөр хүн мэдэхгүй

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг вакцин тариулсан юм. Ингэхдээ тэр тус улсад бүтээсэн гурван төрлийн вакцины нэгийг сонгосон бөгөөд аль вакциныг тариулснаа нууцалж байгаа.

Бас ерөнхийлөгчийг дархлаажуулах үйл ажиллагаа хаалттай зохион байгуулагдсан юм. Өчигдөр тэр Россия-1 телевизээр ярихдаа вакцин тариулсан талаараа ярьжээ.

“Гурван вакцины нэг нь байсан. Би аль вакциныг сонгох талаар надаас асуухгүй байхыг ойрын хүмүүсээсээ хүссэн юм. Ямар вакцин тарьсныг ганцхан эмч л мэдэж байгаа” гэж Путин ярьсан байна.

Дэлхийн олон орны удирдагчид камерны өмнө вакцин тариулж, ард иргэддээ үлгэр жишээ үзүүлж байгаа билээ. Харин Путин сармагчин шиг тэднийг дуурайхыг хүсээгүйгээ хэлжээ. Бас ингэх нь хүмүүст итгэл төрүүлэх сайн арга биш гэж шүүмжилсэн байна.

“Ийм түвшний хүн олон нийтийг хуурч мэхлэх амархан шүү дээ. Вакцины оронд өөр шингэн тариулж ч болно. Кефир үү (сүүг исгэж гаргадаг ундаа), жүржийн шүүс үү гэдгийг хэн мэдэх вэ? Мэдээж энэ бол хошигнол. Өөр ямар нэг витамин тариулах боломжтой” гэж тэр ярьсан юм. 

Вакцин тариулсны дараа ямар нэг хариу урвал мэдрэгдээгүй ч болгоомжлох үүднээс гурван өдөр дасгал хийлгүй өнжсөнөө Путин ярьжээ.

Түүний үзэж байгаагаар дархлаажуулалтын хөтөлбөр ОХУ-д амжилттай хэрэгжвэл цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмийг энэ зуны сүүлээр бүрэн цуцлах боломжтой гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today