Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Сэмжид Хужирт сувилалд амарсан 13 аймгийн 174 хүний 62-оос нь халдвар илрээд байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Цар тахлын нөхцөл байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хариулт өглөө.

-Орон нутагт халдвар авсан хүмүүсийн хэрхэн эмчилж байна вэ. Биеийн байдал нь ямар байгаа вэ. ХӨСҮТ-өөс эмч нар очиж ажиллаж байгаа юу?

-Орон нутагт байгаа хүмүүст стандартын дагуу эмчилээ үйлчилгээ үзүүлж байгаа. Зарим аймгаас мэргэжлийн баг ирүүлэх хүсэлт гаргасан. Завхан аймгийн Шилүүстэй суманд амжилттай эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд байна. Тэнд Завхан аймгийн эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тархвар судлаач эмч нар очсон. Мөн Өвөрхангай аймагт мэргэжлийн баг илгээгээд байна.

Ер нь аймаг, орон нутгийн эмнэлгүүд бэлтгээ сайн хангасан учраас өөрсдөө тодорхой хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх бололцоотой байгаа.

-Орон нутагт халдварын тоо нэмэгдсэн тохиолдолд тэнд нь эмчлэх нөөц боломж, эмч нарын хүрэлцээ хэр байгаа вэ?

-Сүүлийн 24 цагийн байдлаас харахад Дархан-Уул, Архангай аймгуудад халдварын тоо маш өндөр байна. Эдгээр аймгуудад халдварын тоо нэмэгдэж байгаа ч хариу арга хэмжээг маш сайн авч байгаа. Тусгаарлах байрны нөөцийг бэлдэж, тэндээ батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг авч байна. Эмнэлгийнхээ нэмэлт орны нөөцийг тооцоолж, шаардлагатай тохиолдолд дэлгэхээр бэлдэж байгаа.

-Сэмжид Хужирт сувиллын газраас халдвар тарсан. Энэ сувилалтай холбоотой хэдэн аймагт, хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Тус сувилалд гуравдугаар сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан байсан. Гуравдугаар сарын 27-ны байдлаар эдгээр хүмүүсийн 62-т нь халдвар илрээд байна. Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авч, орон нутгууд хяналтаа тавьж байгаа.