Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмнэлэг, үйлчилгээний болон албан байгууллагууд иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардаж, төвөг удахаа зогсооно уу"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэх үеэр дархлаажуулалт болон PCR-тай холбоотой зарим асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хариулт өглөө. 

- Элэгний В,С вирустэй, давхар сахарын өвчтэй хүмүүст коронавирусийн эсрэг ямар вакцин тохирох вэ. Синофарм вакцин эсрэг заалттай гээд хийхгүй байна? \иргэний асуулт\

- Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Монгол Улсад хийгдэж буй вакцин болгоныг үйлдвэрлэгчийнх нь зааврын дагуу хийдэг. Синофарм вакцин ийм эсрэг заалттай байсан. Харин бусад вакцины хувьд ийм эсрэг заалт байхгүй.

- Дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтоовол энэхүү хөл хорионы үеэр вакцины хоёрдугаар тундаа бүрэн хамрагдсан хүмүүс давуу эрх эдлэх үү. Учир нь зарим улсад хоёр тун вакцинд хамрагдсан хүмүүс нотлох баримтаа үзүүлэн хөдөлгөөнд оролцох зохицуулалт үйлчилж байгаа юм билээ?

- Бүрэн дархлаа тогтсон болохыг тогтоохдоо бүрэн тун буюу хоёрдахь тунгаа авснаас хойш 14 хоногийн дараа тухайн вакцинаас тухайн хүний биед дархлаа тогтсон гэж үзнэ. Хэрэв дөрөвдүгээр сарын 5-нд хатуу хөл хорио тогтоовол тэр үед нэг ч хүний бүрэн дархлаа тогтсон хугацаа гүйцээгүй байна. Дөрөвдүгээр сарын сүүлээр эхний бүрэн дархлаа тогтсон хүмүүс гарч ирнэ. Тэр үед тодорхой заавар журам гарна гэж ойлгож байна.

- Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад заавал 72 цагийн PCR шинжилгээний бичиг шаардлагатай юу. Зарим хувийн болон улсын эмнэлэг заавал шинжилгээний бичиг шаардаж байна. Гэтэл шинжилгээний цаг дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл дүүрсэн болохоор иргэдэд хүндрэл үүсэж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

- Ямар нэгэн тушаал, заавар, журмаар эмнэлгийн үйлчилгээ авахад PCR шинжилгээ шаардана гэж огт байхгүй. Энэ бол тухайн эмнэлгийн гаргаж байгаа шийдвэр. Тийм учраас эмнэлэг, үйлчилгээний болон албан байгууллагуудад дахин хэлье. PCR шинжилгээний хариу нь тухайн хүнийг халдваргүй гэдгийг огт илэрхийлэхгүй тул иргэдэд төвөг удахаа зогсооно уу. Хэрэв шаардлагатай бол түргэвчилсэн оношлуур нь тухайн агшинд тухайн хүний халдваргүйг нотлох боломжтой. 

- Халдвар аваад эдгэсний дараа ажилдаа орох гэтэл PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байна. Гэвч эмнэлгийн байгууллагаас эдгэснээс хойш гурван сарын хугацаанд шинжилгээ өгөхгүй гэж хэлж байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

- Одоогийн заавар журмаар коронавирус халдвар аваад эдгэрсэн хүнээс гурван сарын турш дахин  PCR шинжилгээ авахгүй гэж заасан. PCR нь халдвар аваад эдгэрсэн ч гэсэн бусдад халдварлах боломжгүй вирусийн хэлбэрийг сорьцоос илрүүлдэг учир авахгүй байх зөвлөгөө гаргасан. Иймд халдвар аваад эдгэрсэн хүнээс PCR шинжилгээ шаардахгүй байхыг иргэд, ААН, байгууллагуудаас хүсье.

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/501217301285633

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.