Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хууль тогтоогчид шинэ зэвсэг бүтээх $1 тэрбумыг вакцин бүтээх төсөлд шилжүүлэх санал гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын конгресс дахь Ардчилсан Намын хууль тогтоогчид шинэ цөмийн зэвсэг бүтээхэд зориулахаар төлөвлөсөн $1 тэрбумыг коронавирусийн эсрэг универсал вакцин хөгжүүлэхэд зарцуулах хуулийн төслийг өчигдөр танилцуулжээ.

“The Investing in Cures Before Missiles (ICBM) Act” нэртэй хуулийн төслийг өчигдөр конгрессийн төлөөлөгчийн танхим болон сенатын танхимд өргөн барьсан байна.

GBSD (Ground-based Strategic Deterrent) нэртэй шинэ баллистик пуужингийн системийг бүтээхэд олон жилийн турш нийтдээ $264 тэрбумыг зарцуулах юм. Саналын дагуу уг төслийн эхний санхүүжилтыг зогсоож, оронд нь вакцин бүтээх төсөлд мөнгийг нь шилжүүлэхээр болж байна.

Шинэ пуужингийн төслийг зогсоохдоо одоо АНУ-ын батлан хамгаалах салбарт ашиглагдаж байгаа Minuteman III баллистик пуужингийн системийг 2050 он хүртэл үргэлжлүүлэн ашиглахаар хуульд тусгажээ. Ингэхдээ хуучин системийг сайжруулахад шаардлагатай төсвийг тусгасан байна.

“АНУ бөөнөөр устгах шинэ зэвсэгтэй болохоосоо өмнө бөөнөөр аврах вакцинд хөрөнгө оруулах шаардлагатай байна” гэж хуулийн төслийг санаачлагчдын нэг Массачусетсын сенатор Эдвард Марки мэдэгдсэн байна.

Хэдийгээр шинэ зэвсэг бүтээх төсөлд шалгарсан гүйцэтгэгч компаниуд сөрөг лобби хийх нь тодорхой ч конгрессийн хоёр танхимд олонх болдог Ардчилсан Намынхан ICBM хуулийн төслийг батлуулна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian