Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын даргад нэр дэвшигч М.Тулгат: Монгол орон дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны нэг болохыг харах юмсан гэж мөрөөддөг

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 26
Сурталчилгаа

Би Ардчилсан намын гишүүн хүн.

Би Ардчилсан намаараа бахархдаг.

Ерэн оны ардчилалтай хамт эзэн Чингис хаан, их хөлгөн “Нууц товчоо”  бидэндээ ирсэн, Ренчиний Чойном, Равжаа хутагт дахин амилсан. Ардчилсан хувьсгал бол монгол түмний тусгаар тогтнол, үндэсний сэргэн мандалтын үзэл санааны түрлэг нь байсан. Харин Ардчилсан нам бол монголчуудын өөрсдөө бий болгосон, үндэсний хүсэл зоригоос төрөн гарсан нам юм. Саяхан 100 жилийн ой гэж хөөрцөглөн тэмдэглэсэн Ардын хувьсгалт нам шиг Зөвлөлт Оросоос импортлогдоогүй.

 

Ардчилсан нам бол нийгмийн асуудлыг үндсээр нь шийдэх зоригтой шийдлийг гаргаж ирдэг нам. Учир нь асуудлыг өвчин намдааж, аманд нь хоол халбагадаж шийддэггүй ээ. Ардчилсан намын үзэл баримтлал хариуцлагатай, бие даасан, эрх чөлөөт иргэдийг дэмждэг баруун төвийн бодлогод суурилдаг учир хөгжлийг бодитоор авчрах хөтөлбөрүүдийг дэвшүүлдэг нам. Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаан дахь реформын шинжтэй бүх суурь шийдлүүдийг Ардчилсан нам гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам бол нийгмийн манлайлагч улс төрийн хүчин байж ирсэн тийм л нам юм.

Ардчилсан нам бол нээлттэй нам. Асуудал нь ил, зовлон нь ил тийм л нам. Манай нам хатуу үнэнийг шулуухан хэлчихдэг нам. Манай нам гаднаа эгэл жирийн ч, дотроо дэлхийг багтаадаг  нам. Өөрөө өөрөөсөө ардчиллыг нэхэж, хэрэв тэр нь алдагдвал өвчтөний ширээн дээр шаналдаг нам. Өнөөдрийн Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдал бол яг л энэ өвчнөө анагаах гэсэн тэмцлийн илэрхийлэл юм.

 

Би Ардчилсан намаараа бахархдаг учраас, хайрладаг учраас өнөөдөр зориг шулуудаж энд зогсож байна.

Бид асуудлаа шийднэ. Бид бэрхшээлийг хялбархан даван туулна. Харин даван туулаад бид Монголын улс төрийг цоо шинэ шатанд гаргах болно. Бид Монголын нийгэм дахь асуудлыг яриад эхлэхээр, уг яриа нь явсаар байгаад улс төр лүү орчихдог. Тэгээд улс төр нь болохгүй байна гэдэг дүгнэлт рүү очдог. Хэрэв Монголын бүх асуудлын эх үндэс нь улс төр юм бол, улс төрийн намууд халуурч бүлээрээд хэвтэж байж таарах нь ээ. Ардчилсан намд ханиад хүрсэн байна. Бусад намуудын лагшин тунгалаг гэвэл эндүүрсэн болно биз. Ялангуяа МАН-д эрүүл саруул, гоё сайхан юм байхгүй л байна. Тэд өнөөдөр эрх мэдэл, мөнгөн дээр туйлж, эрх ашгаараа нэгдэж байгаа болохоос эвлээд, нэгдээд, яруусаад байгаа юм байхгүй.

Ардчилсан нам Монголын нийгмийн зовлонг үүрч, түүнийг шийдэх аргыг олж ирсэн. Тийм болоод Ардчилсан нам өөр дээрээ байгаа асуудлыг эдгээн эмчлэх жорыг олоод зогсохгүй бусад улс төрийн хүчнийг манлайлан, эрүүл зөв улс төр рүү шахах, чирэх болно. 

Ардчилсан нам бол хэн нэгэн эзэн гарч суухыг хүлээн зөвшөөрдөггүй нам. Ардчилсан нам бол хэсэг нөхдийн хувийн компани болохыг тэвчдэггүй нам. Гэтэл манай намыг дуулгавартай хүн сүрэг болгох гэсэн, дуу шуутай нэгнээ хөөж тууж, шүүн ялласан, бүхэл бүтэн намыг хязгааргүй эрх мэдэлд хүрэх багаж зэвсгээ болгох гэсэн оролдлого тасралтгүй явагдсаар байна. Өнөөдрийн бидэнд тулгарсан асуудал бол хэдэн хүний тамга тэмдэг, даргын суудал булаацалдсан асуудал биш. Ардчилсан нам анхныхаа буурин дээр очих уу үгүй уу, баруун төвийн чиг баримжаан дээрээ баттай зогсох уу үгүй үү, хаа хамаагүй савчиж явах уу үгүй үү гэдэг үзэл санааны тэмцэл дунд зогсож байна.

Эрхэм ардчилагчид аа,

Ардчилал гэдэг ямар эмзэг болохыг та бид харлаа. Нэг сүүдэр тусахад л Монголд дарангуйлал нөмрөхөд бэлэн байна. Хууль шүүх, гүйцэтгэх засаглал, орон нутаг бүхэлдээ нэг намын, хэдхэн дарга нарын гарт орж эхэллээ. Арван их наядаар социализм байгуулах аугаа их төлөвлөгөө өнгөрсөн 30 жилийн ололт амжилтыг нураахаар айсуй. Ийм түүхэн эгзэгтэй цаг үед бүрэн бүтэн, хүчирхэг Ардчилсан нам л Монголын ардчиллыг хамгаална. Хувийн хэвшлийг, хүний эрхийг эрслэн хамгаалж, хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замаас хазайлгахгүй түшихийг Ардчилсан нам л хийж чадна. 

 

Ардчилсан намын үнэ цэнэ нь эрх мэдэл, эд хөрөнгөнд оршдоггүй. Ардчилсан намын үнэ цэнэ нь ардчиллыг зүрхэндээ тээж, олон хаврыг үдсэн эгэл жирийн мянга мянган гишүүдийн зүрхний гүнд байдаг. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын үнэ цэнэ нь үзэл санаандаа оршдог. Үзэл санааг мөнгө дийлдэггүй, үзэл санааг эрх мэдэл дийлдэггүй, үзэл санааг хор найруулга дийлдэггүй. Тийм ч учраас Ардчилсан нам хүчтэй. Тиймээс ч би сонгуулийнхаа уриаг “Хүчирхэг Ардчилсан нам, Чинээлэг Монгол орны төлөө” гэж тодорхойлсон.