Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк хотын захиргаа энгийн хувцастай Ази цагдаа нарыг эргүүлд гаргахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ даяар арьс өнгөний үзэлтнүүд Ази гаралтай хүмүүс рүү халдах явдал нэмэгдээд байгаа. Коронавирусийн цар тахлыг Ази хүмүүс тараасан гэх үзэл онол үүнд нөлөөлж байна.

Тэгвэл АНУ-ын хамгийн том хот болох Нью Йоркийн захиргаа үүнтэй өвөрмөц аргаар тэмцэх болсноо өчигдөр зарлажээ.

Ирэх амралтын өдрүүдээс эхлэн Нью Йорк хотын гудамж талбайд дан Ази гаралтай цагдаа нараас бүрдсэн тусгай баг ажиллахаар болсон байна. Гэхдээ тэд дүрэмт хувцасгүй, энгийн хүн шиг хувцасласан байх гэнэ.

“Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэмт хэрэг үйлдсэн хүнийг бид тэр дор нь олох болно. Бусдыг арьсны өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаар гээд ер нь ямар ч зүйлээр гадуурхаж, эрх чөлөөнд нь халдахыг бид тэвчихгүй. Таны халдах, доромжлох дараагийн хүн чинь цагдаа байх боломжтой” гэж Нью Йорк хотын цагдаагийн газрын дарга Дермот Шеа мэдэгджээ.

Энэ он гарснаас хойш тус хотод Ази хүмүүсийн эсрэг 26 гэмт хэрэг гарсны 12 нь бие махбодод халдсан хэрэг байсан байна. Дээрх хэргүүдтэй холбоотой долоон хүнийг баривчилжээ.

Өмнөх оны өдийд ийм төрлийн гэмт хэрэг ганц ч бүртгэгдээгүй байсан гэнэ.

Үүнээс гадна гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх 911 дугаарт Ази үндэстнүүдийн түгээмэл хэлүүдээр дуудлага авах боломжтой болж байгааг Дермот Шеа мэдэгдсэн байна.

Өмнөх онтой нь харьцуулахад 2020 онд Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэг АНУ-ын 16 том хотод 149 хувиар өсчээ. Үүнд төрөл бүрийн зэвсэг хэрэглэх, галдан шатаахыг оролдохоос эхлээд хэл амаар доромжлох хүртэл халдлагын төрлүүд бүртгэгдсэн байна.

Энэ сарын эхээр Атланта хотод нэгэн зэвсэгт этгээд Ази гаралтай зургаан эмэгтэйг буудаж хөнөөсөн нь одоогоор хамгийн ноцтой хэрэгт тооцогдож байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters