Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден анхныхаа хэвлэлийн хурлын үеэр Ши Жиньпинийг Путинтэй адилтгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөсөн өдрөөсөө хойших анхны хэвлэлийн хурлыг өчигдөр зохион байгуулж, олон сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Энэ үеэр тэр Америк-Хятадын харилцааны сэдвийг хөндөхдөө Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй адилтгасан байна.

“Тэр бол Путинтэй адилхан ирээдүйн дэлхий ертөнцийг ардчилал биш, нэг хүний дарангуйлал засаглах ёстой гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг. Түүний биед ардчиллын өчүүхэн ч эс ширхэг байхгүй. Гэхдээ тэр бол ухаантай хүн” гэж Байден ярьжээ.

Хэдийгээр Вашингтон, Бээжингийн хооронд худалдааны дайн, Хонг Конг, Шинжааны асуудал, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан зэрэг олон зөрчил байгаа ч шууд зэвсэгт мөргөлдөөн үүсгэх хэмжээнд хүрэх бодолгүй гэдгээ тэр хэлсэн байна.

Үүний оронд Хятадын төрийн тэргүүнийг “олон улсын дүрмээр шударга өрсөлддөг” болгохын төлөө шахалт үзүүлж ажиллахаа Байден амлажээ.

Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш 100 өдрийн дотор 100 сая хүнийг вакцинжуулах амлалт авч байсан юм.

Тэгвэл анхны төлөвлөгөө нь өнгөрсөн долоо хоногт хугацаанаасаа 42 өдрийн өмнө биелсэн тул зорилгоо 200 сая болгож ахиулах болсныг мэдэгджээ.

Хэдийгээр 78 настай Байден АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хамгийн өндөр настай хүн болж түүхэнд бичигдсэн ч 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа хэлсэн байна.

Энэ тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэр “Миний хариулт бол тийм. Би дахин өрсөлдөх төлөвлөгөөтэй байна” гэжээ.

 

Эх сурвалж: Reuters