Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо өөрийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд AstraZeneca вакцины экспортыг хориглов

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

AstraZeneca компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл вакцины экспортыг нь хориглох болсноо Европын Холбооны удирдлага өчигдөр мэдэгджээ.

“Тус компани эхлээд манай гишүүн орнуудтай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлэх ёстой” гэж Евро Коммиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Өчигдөр Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлтийн асуудлаар виртуал горимд хуралдсан юм.

Британи-Шведийн AstraZeneca компани Европын Холбоонд вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан ч хугацаандаа нийлүүлж чадахгүй болсноо мэдэгдэж байв. Гэхдээ тус компани Европын Холбооны орнуудад байдаг үйлдвэрээсээ бусад улс орнууд руу вакцин нийлүүлж байсан юм.

Өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу тус компани одоо Европын Холбооноос вакцин экспортлох боломжгүй болж байна.

Европын Холбооны уг шийдвэрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Их Британи улсын засгийн газар хамгийн их шүүмжилж байгаа. Харин Урсула фон дер Ляйен өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш тус холбооноос 77 сая тун вакциныг дэлхийн 33 оронд экспортлосныг дурдаад “тэнцвэртэй, зөв” шийдвэр гаргаснаа тайлбарлажээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мөн Европын Холбооны шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

“Зарим эмийн компаниуд Европчуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл вакцины экспортыг нь хориглож буйг би дэмжиж байна” гэж тэр хэлжээ.

Харин Евро Коммиссын ерөнхийлөгч асан Жан Клод Юнкер өчигдөр BBC сувагт ярихдаа “Асуудлыг ингэж дайны уур амьсгалаар шийдэж болохгүй. Бид дайснууд биш, бид дайн хийгээгүй байна. Вакцины экспортыг хориглох нь Европын Холбооны нэр хүндийг унагах эрсдэлтэй” гэж ярьжээ.

Сүүлийн өдрүүдэд Европын ихэнх хэсэгт коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, цар тахлын “гурав дахь давалгаа” үүсэх эрсдэл бий болсон нь вакцинжуулалтаа яаравчлах шалтгаан болоод байна.

 

Эх сурвалж: BBC