Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ази тивд хэт төвлөрсөн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээс Интел компани хуваалцахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Интел компани саяхан эх орондоо хагас дамжуулагч эд ангийн үйлдвэр байгуулах болсноо зарласан билээ.

Одоогоор энэ үйлдвэрлэлийн ихэнх хэсэг Ази тивд төвлөрдөг ба Тайваний TSMC, Өмнөд Солонгосын Samsung компаниуд гол тоглогчид нь юм.

Интел компани АНУ-ын Аризона муж, Ирландын нутагт хагас дамжуулагч эд ангийн хоёр шинэ үйлдвэр байгуулахад $20 тэрбумын хөрөнгө оруулахаар болсноо зарласан.

“Дэлхий нийтийн хувьд маш чухал болоод байгаа технологийн салбарын бүх үйлдвэрлэлийн 80 хувь Ази тивд байгаа нь тийм ч таатай үзэгдэл биш” гэж Интел компанийн гүйцэтгэх захирал Пат Гелсингер өчигдөр BBC сувагт ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Бүх гар утас, зайнаас эмчлэх, суралцах, ажиллах бүх технологи, автомат жолоодлоготой бүх машин гээд хүнийг тойрсон бүх зүйл дижитал болж байна. Эдгээр нь бүгд хагас дамжуулагч дээр ажилладаг. Цаашдаа хүний бүх хэрэглээний зүрх нь хагас дамжуулагч байх болно. Тиймээс дэлхий дахинд тэнцвэртэй үйлдвэрлэл, нийлүүлэлт чухал болоод байна” гэсэн юм.

Сүүлийн үед Хятад улс Тайванийг нэгтгэх алхам хийж магадгүй болоод байгаа. Өмнөд Солонгос нь Умард Солонгосын сүрдүүлэг дор оршиж байна. Тиймээс дэлхийн зах зээл дэх хагас дамжуулагчийн нийлүүлэлт тасалдах эрсдэл өндөр байгаа юм.

Сүүлийн үед АНУ, Европын улс төрчид хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг өөр өөрийн улс оронд хөгжүүлэхийг уриалах болсон байна.

Интел компанийн хувьд одоо зөвхөн өөрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төвлөрдөг бол шинэ үйлдвэрүүдтэй болсноор бусад компанийн захиалгаар ажилладаг болох юм.

Коронавирусийн цар тахлын үеэр дэлхий даяар автомашины борлуулалт буурсан тул үйлдвэрлэгчид нь чипний захиалгуудаа цуцалж байв. Орчин үеийн автомашин дунджаар 50 хагас дамжуулагч чип агуулдаг гэсэн тоо бий.

Автомашины эрэлт буурсан тул ихэнх чип үйлдвэрлэгчид бусад салбарт үйл ажиллагаагаа чиглүүлээд байв. Гэтэл 2021 он гарснаас хойш автомашины эрэлт буцаж нэмэгдсэн ч хагас дамжуулагч үйлдвэрлэгчид захиалга авахад бэлэн биш байсан нь дэлхийн зах зээлд томоохон хямрал үүсгэсэн юм. Хагас дамжуулагч үйлдвэрлэгчид үйлдвэрийн шугамаа буцааж өөрчлөхөд хугацаа орох тул нийлүүлэлтийн хомсдол мөд арилахгүй гэж Samsung компанийн удирдлага өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: BBC