Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ердөө 12 хүн вакцины талаар худал мэдээллийн ихэнх хэсгийг Америкийн сошиал ертөнцөд тарааж буйг тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Center for Countering Digital Hate”, “Anti-Vax Watch” байгууллагуудын хамтарсан судалгаагаар Америкийн Фэйсбүүк, Твиттер сүлжээн дэх коронавирусийн эсрэг вакцины тухай бүх худал мэдээллийн гуравны хоёрыг ердөө 12 хувь хүн тарааж буйг тогтоожээ.

Тухайлбал сүүлийн хоёр сарын хугацаанд Фэйсбүүк сүлжээнд тарсан вакцины эсрэг бүх мэдээллийн 73 хувь нь эдгээр хүмүүсээс гаралтайг тогтоосон байна.

Тэдний дундаас хамгийн том тоглогч нь Жозеф Меркола (Joseph Mercola) гэгч байжээ. Тэрбээр өөрийн боловсруулсан эм, нэмэлт тэжээлийн бэлдмэлийг онлайнаар зардаг олон саяын бизнестэй хүн юм байна. Меркола нь саяхан Covid-19 өвчнийг эмчлэх арга боловсруулснаа зарласан ч АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар түүнд шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл сурталчлахаа зогсоохыг анхааруулж байжээ.

Өөр нэг вакцины эсрэг үзлийн том сурталчлагч нь ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн хамаатан “бага” Роберт Кеннеди (Robert F. Kennedy) юм байна.

Өнгөрсөн сард Инстаграм компани вакцины тухай худал мэдээлэл тараасан шалтгаанаар түүний хаягийг хааж байжээ.

“Disinformation Dozen" гэж нэрлэсэн 12 хүний бусад нь Charlene Bollinger, Sherri Tenpenny, Rizza Islam, Rashid Buttar, Erin Elizabeth, Sayer Ji, Kelly Brogan, Christiane Northrup, Ben Tapper, Kevin Jenkins гэсэн нэр хаягтай хүмүүс болохыг судлаачид тогтоосон байна.

Дэлхий даяар коронавирусийн цар тахалтай тэмцэх үйлсэд худал, хуурмаг мэдээлэл том саад тотгор болж байгаа.

“Center for Countering Digital Hate” байгууллагын тооцоолсноор 2020 оны эцэс гэхэд вакцины эсрэг үзэл сурталчлагч 425 сошиал хуудасны тараасан худал мэдээлэл АНУ-ын 59 сая гаруй сошиал хэрэглэгчид хүрээд байжээ.

 

Эх сурвалж: Mashable