Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ханхүү Харри тэрбумын үнэлгээтэй Цахиурын хөндийн стартап компанид гүйцэтгэх удирдлагаар ажилд оржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Британийн хатан хааны гэр бүлээс салж, язгууртны хэргэмээсээ татгалзсан ханхүү Харри анх удаа хувийн компанид ажилд оржээ.

Түүний ажилд орсон компани нь Цахиурын хөндийн тэрбумын үнэлгээтэй (unicorn) стартап компаниудын нэг BetterUp юм байна. Харри Chief Impact Officer (CIO) хэмээх гүйцэтгэх удирдлагын албан тушаалд томилогджээ.

Тус компани нь хувь хүний хөгжил, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна. Харри болон түүний гэргий Меган нар Их Британиас АНУ-д ирж, суурьшсанаасаа хойш Netflix, Spotify компаниудтай хамтран контент бүтээх олон саяын дүнтэй гэрээ байгуулж байсан юм.

Харин хувийн компанид бүтэн цагаар ажиллах болсон нь анхны тохиолдол.

Цэрэгт алба хаах үедээ бие махбодын болон сэтгэл санааны хохирол амссан хүмүүсийг спортоор эмчлэх зорилготой Invictus Games наадмыг Харри санаачилж байжээ.

Бас Африк тивийн Ботсвана, Лесото улсуудын ДОХ-ын халдвартай залуу үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх зорилготой Sentebale буяны байгууллагыг байгуулж байв.

BetterUp компанид ажиллахад түүний дээрх туршлагууд тус болно гэж үзсэн бололтой. Бас Харри амьдралдаа гарсан өөрчлөлттэй дасан зохицохын тулд уг компанийн үйлчилгээг авч байсан гэнэ.

Харри хэр хэмжээний цалинтай ажиллах болсон талаар мэдээлэл ил болоогүй байна.

2013 онд байгуулагдсан BetterUp нь саяхан $123 саяын нэмэлт хөрөнгө оруулалт татаж чадсанаар $1.7 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болжээ. Нэг тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй шинэ компаниудыг бизнесийн ертөнцөд “unicorn” гэж нэрлэдэг.

Сан Франциско хотод төвтэй BetterUp нь одоогоор 2,000 орчим мэргэжилтэнтэй, АНУ даяар 300 гаруй бизнесийн харилцагчтай болжээ. Тус компани “хүн бүрийг хувиргах замаар дэлхийг өөрчлөх” гэсэн уриатай ажилладаг гэнэ.

Chief Impact Officer (CIO) албан тушаал Цахиурын хөндийн компаниудын дунд ховор байдаг ч сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болжээ.

Уг албан тушаал нь тухайн компанийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөг судлах, хэмжих, хянах үүрэгтэй юм байна.

 

Эх сурвалж: The Guardian