Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

41 настай эрэгтэй тагтаараа дамжин гарах оролдлого хийж байгаад унаж, бэртжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гурван давхраас хүн унаж нас барсан, цагдаагийн алба хаагч төрөхөөр эмнэлэг явж байсан эмэгтэйг зогсоож, торгосон болон хүн зодсон зэрэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад буй.

Үүнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар хийлээ.

"41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гаргахгүй байсан тул тагтаараа дамжин гарах оролдлого хийж байгаад унасан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр “Өчигдөр 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын байрны гурван давхраас хүн унасан гэх дуудлага ирсэн. Уг асуудлыг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэсэг шалгаж буй.

Шалгалтаар, 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гаргахгүй байсан тул тагтаар дамжиж гарах оролдлого хийж байгаад гурван давхраас унаж, бэртэл авсан нөхцөл тогтоогдсон. Тус иргэн одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнийг хөл хорионы хэсэгчилсэн дэглэмтэй холбож буруугаар мэдээлж байна.

Энэ бол гэр бүлийн хүрээнд болсон асуудал бөгөөд тухайн иргэнийг гэрийнхэн нь гаргахгүй байсан учраас тагтаар дамжиж гарах оролдлого хийж байгаад унасан байна" гэсэн юм.

"Хэдий автомашин жолоодох эрхгүй ч жирэмсэн зорчигчтой байсныг нь харгалзаж, алба хаагч автомашинтай нь явуулсан"

Үргэлжлүүлэн “Цагдаагийн алба хаагч төрөх гэж явсан иргэнийг зогсоосон болон энгийн иргэнийг зодсон гэх мэдээлэл гарч байна. Дээрх мэдээллүүд гарсан даруйд цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтуудыг хийсэн.

Ингэхэд өчигдөр 00:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж байсан тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч үүргийнхээ дагуу зогсоож, шалгахад 25 настай эрэгтэй тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр автомашин жолоодож явсан.

Тиймээс Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу арга хэмжээ тооцоход хамт зорчиж явсан эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн.

Уг нь журмын дагуу жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн автомашин жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгож, унаж явсан автомашиныг нь журамлах ёстой.

Харин тус цагдаагийн алба хаагч жолоочид хариуцлага ногдуулаад хажуудаа жирэмсэн зорчигчтой явж байсан нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд автомашиныг нь өгөөд явуулсан байна. Энэ үйл явдал цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт бичигдсэн. Мөн тухайн эмэгтэй үнэхээр төрөх гэж яваагүй харин гэр рүүгээ явж байсан.

Гэтэл үүнийг цагдаагийн алба хаагч төрөх гээд эмнэлэгт явж байсан эмэгтэйг саатуулж, торгосон мэт ташаа мэдээлэл гарч байна.

"Цагдаагийн алба хаагч хүн зодсон гэдэг буруу ойлголт"

Мөн цагдаагийн алба хаагч хүн зодсон гэдэг буруу ойлголт гэдгийг хэлье.

Тодруулбал, 102 дугаарын утсанд нэгэн иргэнээс “Гудамжинд нэг хүн мөрийтэй тоглоомын зүйл зохион байгуулж, иргэдийг залилаад байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиж, хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор хэсэг дээр аваачсан. Тухайн иргэн тэндээс гарч явахдаа ухаан алдаж унасан. Түүнд цагдаагийн алба хаагч анхны тусламж үзүүлсэн нь камерт бичигдэн үлджээ.

Тэрбээр дараа нь нийслэлийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд төв талбай дээр очиж, өлсгөлөн зарлана гэж яваад унасан байна. Түүнийг түргэн тусламжийн эмч нар ирж үзээд явсан. Мэдээж тус иргэн гомдол гаргасан учраас гомдлынх нь дагуу шалгана.

Дээрх хоёр тохиолдолд цагдаа хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу шалгаж, арга хэмжээ тооцсон байна. Түүнийг нь олон нийтийн сүлжээнд цагдаа хууль зөрчсөн мэт мэдээлэл тарааж байна” гэв.