Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

П.Насанжаргал: Нярайг төрснөөс 24 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийдэг нь өвчлөхгүй гэсэн үг биш хүндрэхээс сэргийлдэг

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс энэ жил "Цаг явсаар байна" уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн, уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг олон нийтэд түгээж буй юм. 

Энэ өдрийн хүрээнд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Тасгийн эрхлэгч П.Насанжаргалтай ярилцаж, сүрьеэ өвчний талаар мэдээлэл, зөвлөгөөг авлаа.

-Манай улсад сүрьеэгийн хэдэн тохиолдол дунджаар бүртгэгдэж байна вэ?

-Сүрьеэ нь микобактери хэмээх үүсгэгчтэй халдварт өвчин юм. Жилд өвчлөлийн 4,000 орчим тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 1,800 орчим нь халдвартай хэлбэрийн сүрьеэтэй байдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ханиаж, найтаахад агаарт сүрьеэгийн үүсгэгч цацагдаж, тэрхүү бохирлогдсон агаараар амьсгалсан хүн халдвар авдаг. 

Манай улс сүрьеэгийн тархалт өндөр орны тоонд ордог. Тодруулбал, гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг. Гэхдээ халдвар авсан даруйд хүн өвдөхгүй бөгөөд дархлаа суларсан үед буюу биеийн байдлаас нь хамаарч халдвар нь өвчлөл үүсгэдэг онцлогтой.

-Гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдварыг тээсэн байдаг гэлээ. Эдгээр хүний хэдэн хувь нь өвчлөх магадлалтай вэ? 

-Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь өвчлөх магадлалтай. Харин 90 хувь нь үүсгэгчийг биедээ тээж байгаа ч насан туршдаа өвчлөхгүй. Хэдийгээр гурван хүн тутмын нэг нь халдвар тээж байна гэдэг нь өндөр үзүүлэлт боловч хүн дархлаагаа сайн дэмжсээр байвал өвчлөхгүй гэсэн үг.

-Уг өвчнөөр хүндэрч нас барах тохиолдол хэр байдаг вэ?

-Жилд 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг. Өмнө хэлсэнчлэн жилд бүртгэгдэж буй 4,000 тохиолдлоос эмчилгээ хийлгэж байх үедээ нас барах тохиолдол маш бага бөгөөд 0.3-0.5 хувь байна. Хийгдэж буй эмчилгээний амжилт 85-аас дээш хувь. 

-Эдгэрсэн биед ямар нэг урхаг нөлөө үлддэг үү?

-Сүрьеэгийн эм л энэ өвчнийг эмчилдэг. Эмчийн зааврын дагуу эмчилгээгээ бүрэн хийлгэсэн бол айх аюулгүй, бүрэн эдгэрнэ.

-Энэ жил Сүрьеэтэй тэмцэх өдрийг "Цаг явсаар байна" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ урианы учрыг тайлбарлана уу?

-Жил бүр өөр өөрийн гэсэн уриатайгаар сүрьеэтэй тэмцэх ажлыг зохион байгуулдаг. Цаг явсаар байна гэдэг нь сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхгүй бол оройтоход хүрч байна шүү гэдгийг сануулж, энэ ажилд илүү их анхаарахыг уриалж байгаа юм.

-Манай улс сүрьеэгийн эсрэг вакциныг товлолоор хийдэг. Вакцин хамрагдах хувь ба үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нярайг төрснөөс 24 цагийн дотор вакцин хийдэг учир журмаараа 100 хувь хамрагдах ёстой. Манай улсын хувьд сүрьеэгийн вакцинд хамрагдах хувь 96-97 байна. Гэхдээ ийнхүү дархлаажуулж байгаа нь сүрьеэгээр өвчлүүлэхгүй гэсэн үг биш бөгөөд өвчилсөн тохиолдолд хүндрэхээс сэргийлдэг.

-Өнгөрсөн онд Нью Йоркийн Технологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хүн амаа сүрьеэгийн эсрэг вакцинд хамруулсан улс орнуудад коронавирусийн өвчлөл хүндрэх магадлал бага байгаа нь тогтоогдсон тухай мэдээлсэн. Манай улсад коронавирусийн халдвар ба сүрьеэгийн вакцины харилцан хамаарлыг судалсан уу?

-Манай улсад арваннэгдүгээр сард коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэн. Үүнээс хойш дээрхтэй холбоотойгоор судалгаа хийгээгүй. Олон улсын судалгаа ч батлагдсан зүйл үгүй юм. 

-Иргэдэд хандан энэхүү өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх тухай зөвлөгөө өгнө үү?

-14 ба түүнээс дээш хоногоор ханиалгах, ядарч сульдах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл сүрьеэгийн байгууллагад хандан оношлуулах нь зөв. Мөн халдвар авсан хүний тоо олон тул дархлаагаа сайн дэмжиж байх ёстой. Сайн унтаж амрах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх гэх мэтээр өөрийн дархлаагаа дэмжээрэй.