Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Улс төрчийн албан тушаалтай холбоотой сэтгүүлчийн хардах эрхийг нээлттэй орхих хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн гүтгэх зүйл ангид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээс харахад энэ төрлийн хэргийн тоо эрс өссөн үзүүлэлттэй гарсан. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 2015 онд 54 дүгээр байранд орж, байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр 73 дугаар байр болж ухарсан байна.

Сүүлийн хоёр жилд л гэхэд 32 сэтгүүлч хардах эрхээ эдэлснийхээ төлөө торгуулсан байна. Үүний 3/1 нь улс төрч, төрийн өндөр албан тушаалтны гомдол байна. Хардах эрхээ эдэлснийхээ төлөө Зөрчлийн хуулийн 6.21-ээр сэтгүүлчид буруутан болох үзүүлэлт өсөж байна.

Мэргэжлийн ажлаа хийснийхээ төлөө сэтгүүлчид буруудах ёсгүй. Улс төрчийн гүйцэтгэж байгаа албан тушаалтай холбоотой сэтгүүлчийн хардах эрхийг нээлттэй орхих хэрэгтэй" гэлээ

Бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарч байгаа хардлагад хүлээцтэй байх хэрэгтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Миний бие болон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нарын гурван гишүүн Эрүүгийн хуулийн гүтгэх зүйл ангид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Энэ хуулийн гол агуулгад дараах өөрчлөлтийг оруулсан.

Үүнд: 

  • Эрүүгийн хуульд заасан гүтгэх гэдэг зүйл ангиар төрийн байгууллагууд эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргахгүй, 
  • Улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж, хардсан үйлдэлд эрүүгийн журмаар гомдол гаргахгүй,
  • 2020 оны нэгдүгээр сард УИХ Эрүүгийн хуулийн зүйл ангийг өөрчлөхдөө гүтгэх гэдгийг худал мэдээлэл тараах гэж өөрчилсөн. Үүнийг буцаагаад гүтгэх гэж өөрчлөх талаарх тайлбарыг оруулсан.

Улс төрч гэдэг хүний ард тухайн хүн гэхээс илүүтэй олон нийтийн эрх ашиг бий. Албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарч байгаа хардлагад илүү тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй” гэв.