Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Гэрэлт-Од: Залуус өр зээлээ тэглүүлье гэж гуйгаагүй. Харин боломж олгооч гэж хүсэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Залуучуудын холбооноос Зээлийн мэдээллийн санд сөрөг түүхтэй иргэдийн мэдээллийг нэг удаа арилгах саналыг Монголбанканд удаа дараа уламжилжээ. 

Гэвч Монголбанкны Ерөнхийлөгч албан ёсны хариу өгөөгүй тул өнөөдөр төв банкны гадна залуус тайван жагсаал хийв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Зээлийн мэдээллийн сангийн асуудлаар Монголбанканд гурван удаагийн албан хүсэлт өгч байхад ямар нэг хариу өгсөнгүй. 

Залуус өр зээлээ тэглүүлье, зүгээр мөнгө өгөөч гэж гуйгаагүй. Харин боломж олгооч гэж хүсэж байгаа юм. Хэн бүхэнд мөнгөний асуудал тохиолддог. Ганц, хоёр хоног хэтрүүлэхэд зарим байгууллага маргааш нь, зарим нь сарын сүүлээр хар жагсаалтад бүртгэдэг ялгаатай байдал бий. Үүнд жишиг тогтоох ёстой. 

Утасны болон интернэт үйлчилгээний төлбөрөө төлөлгүй хэдхэн хоног хэтрүүлэхэд л бүртгэж байгаад уян хатан ханддаг болох шаардлагатай байна. Энэ мэт жижиг асуудлаас болж зургаан жилийн боломжоо хаалгаж байгаа юм.

2017 оны хоёрдугаар сард 25,000 иргэний сөрөг мэдээллийг гаргасан. 2018 оны хоёрдугаар сард 41,000 иргэнийхийг гаргасан байна. Харин сүүлийн гурван жилд ямар ч иргэнийхийг гаргаагүй. Сүүлийн хоёр жил буюу цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч, эдийн засаг хумигдсан энэ үед дээрх арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, гарц эрэлхийлэх байх ёстой байтал шийдэл санаачилга гаргахгүй байна. Бид ширээний ард шийдэл ярилцъя гэж шаардаж байгаа" гэлээ. 

Монголбанкны албан ёсны сайтад мэдээлсэнээр Зээлийн мэдээллийн сан гэдэг нь Зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл юм. Уг санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээд нь

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо;
  • Санхүүгийн түрээсийн компани;
  • Төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ байгууллагыг;
  • Үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээд байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг.  Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн
  • 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 91-180 хоног – Хэвийн бус
  • 181-360 хоног – Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног – Муу

Түүнчлэн хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн болон зээлийн сөрөг түүхтэй иргэн, аж ахуйн нэгжид зээл олгохгүй байх тухай журам байхгүй бөгөөд тухайн зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг гаргана хэмээжээ.

Мөн зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан гэсэн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш 6 жилийн дараа зээлийн эерэг болон сөрөг бүх мэдээллийг зээлдүүлэгч байгууллага ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сангаас харагдахгүй гэж ойлгож болно.