Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Хоёр нэр дэвшигч тодруулсан шалтгаанаар АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хасах боломжтой

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан намын зөвшилцлийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие өнгөрөгч Баасан гарагт АН-ын хоёр талд байгаа нөхдүүдийг эвлэрүүлэх зөвшилцлийн уулзалт хийх санал гаргасан. Харамсалтай нь өнгөрсөн гурван хоногийн хугацаанд уулзалтад дарга нар ирсэнгүй. Нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Дарга нарт өнөөдөртөө эрх мэдэл байж болно. Гэвч манай намын жирийн гишүүд бүх асуудлыг шийддэг, тэнд бүх эрх мэдэл байгаа гэдгийг ямагт санах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг манай намын дүрмийн эсрэг зохион байгуулалттайгаар баталсан. Тиймээс манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаагаа санаж ажиллах ёстой. Тодруулбал, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа гуравхан хоногийн хугацаанд болно. МАН бол дарга нараасаа сонгочихно. Манай нам бол жирийн гишүүдээсээ сунгаагаар сонгодог дүрэмтэй.

Тэгэхээр дөрөвдүгээр сарын 30-ны өглөөгүүр намын нэр дэвшигчдийнхээ материалыг авна. Өдөр нь Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдээ бүртгэнэ. Үдээс хойш нь нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Ингээд маргааш өдөр нь сунгааны санал хураалт явагдана. Нөгөөдөр нь намын Их хурал хуралдаад нэр дэвшигчийг батламжилна.

Ийм гуравхан хоногтой. Энэ бол манай намын дүрмийн эсрэг хийгдсэн зүйл.

Ингээд тавдугаар сарын 2-5-ны хооронд нэр дэвших эрхээ авсан нэр дэвшигчийнхээ материалыг нам СЕХ‑нд өгнө. Харин СЕХ гурав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв татгалзвал тухайн хүний материалыг засах хоёрхон хоногийг хугацаатай. Сонгуульд нөхөн нэр дэвших тухай асуудал огт байхгүй. Зөвхөн нэр дэвшигч нас барах эсвэл шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлнэ гэж байгаа юм.

Үүний цаана юу байгааг тайлбарлая. АН-ын маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна. Манай нам хоёр тамгатай, хоёр нэр дэвшигчийн нэрийг СЕХ-нд өгөх юм бол П.Дэлгэрнаран дарга материалуудыг нь барьж очоод МАН-ын дарга У.Хүрэлсүхээр сонгуулна. Аль нэгийг нь сонговол манай нам нэр дэвшүүлэх эрхтэй болно. Хоёуланг нь таалахгүй бол АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй. СЕХ хоёр нэр дэвшигч авчирсан гэдэг шалтгаанаар АН-ыг сонгуульд оролцуулахаас хасах боломжтой. Ийм хуулийн хайчинд байгаа нөхдүүд намын дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээрээ байна.

Олон хүн энэ хуулийг мэдэж байгаа хэр нь мэдээгүй юм шиг зүтгэж байгаад харамсаж байна" гэв.