Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

AstraZeneca вакцины АНУ-д явуулсан туршилтын үр дүн сайн гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Британи-Шведийн AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины АНУ-д явуулсан туршилтын үр дүн сайн гарсныг өчигдөр мэдээлжээ.

Туршилтад нийтдээ 32,000 хүн оролцсоны ихэнх нь АНУ-ын, бусад нь Чили, Перу улсуудын иргэд байна.

AstraZeneca вакцин коронавирусийн халдвараас 79 хувийн үр дүнтэй хамгаалдаг, Covid-19 өвчний хүндрэлээс 100 хувь сэргийлдэг болохыг энэ туршилтын дүн харуулжээ.

Туршилтын явцад эрүүл мэндийн ямар нэг эрсдэл, тухайлбал цусны бүлэгнэлийн эрсдэл бүртгэгдээгүй байна.

Туршилтыг АНУ-ын Колумбын их сургууль, Рочестерын их сургуулийн эрдэмтэд AstraZeneca компанитай хамтран явуулжээ. Сайн дурынхны 20 хувь нь 65-аас дээш насныхан байсан ба дөрвөн долоо хоногийн зайтай тарьсан хоёр тунгийн дараа тэдэнд залуу хүмүүсийнхтэй ижил түвшний дархлаа тогтож байсныг туршилт харуулсан байна.

АНУ-д явуулсан AstraZeneca вакцины туршилт нь бүх насны бүлгийн хүмүүсийг жигд хамруулсан тул уг вакцинд эргэлзэх эргэлзээг арилгаж байгаа юм. Өмнө нь Европын зарим улсууд уг вакциныг 65-аас дээш насныханд хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан нь өндөр настнуудад ямар нөлөө үзүүлдгийг харуулсан мэдээлэл хангалтгүй байсантай холбоотой.

AstraZeneca вакциныг Европ, Ази, Африк, Латин Америкийн олон орон дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа. Сүүлийн туршилтын үр дүн сайн гарсан нь уг вакциныг АНУ-д хүлээн зөвшөөрөх замыг нээж байна.

АНУ-д одоогоор Pfizer/BioNTech, Moderna, Johnson & Johnson компаниудын гурван төрлийн вакциныг хүн амын дархлаажуулалтдаа ашиглаж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC