Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны Баасан гарагт Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан эмгэнэлт хэрэг явдлаас хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг маш нууцын зэрэглэлтэйгээр хэргийг шалгаж байсан.

Гэтэл саяхнаас Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэсэн мэдээ гарах боллоо. Энэ хэргийг тойрсон учир битүүлэг зүйл маш их байдаг. Тиймээс бид хэргийг хариуцлагатай шалгахыг шаардаж байна. Хэргийг учир битүүлгээр хаахыг хүлээн зөвшөөрөхгүй. 

Мөн хэдхэн хоногийн өмнө “Г.Батхүү агсны гэрийнхэнд 13 секундын бичлэг өгсөн залуу учир битүүлгээр амиа алдсан" гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн явсан. Одоогоор үүнийг үгүйсгэсэн эсвэл нотлосон мэдээлэл алга байна. Үүнийг тодорхой болгох ёстой. 

Үүнээс гадна жилийн өмнө талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар задлан шинжилгээний хариунд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Тэд шинжилгээний дүн буруу гэдэг хэд хэдэн дүгнэлт танилцуулж, гар утсан дээрх мэдээллийг нь устгасан болохыг хэлсэн. Гэтэл уг мэдээллийн дараа өмгөөлөгчийн мөрдөн байцаалтын нууц задалсан гэдэг үндэслэлээр ял сонсгосон байдаг. Тиймээс уг хэргийг нийтэд ил тод байлгаач, учир битүүлгээр битгий хаагаач гэдэг асуудлыг бид тавьж байна. 

Төрийн ордон бол тусгай хамгаалалттай объект. Хээр хөдөө, ой шугуй, хүнгүй талд бус чанд харуул хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэргийг ийм учир битүүлгээр илрүүлэхгүй, хаагаад байх юм бол өнөөдөр Монгол Улсад хууль хяналтын байгуулагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг эсэхэд асар том эргэлзээ төрүүлж байна" гэв.