Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цогтгэрэл: Ардчилсан намаа ч, Ардчилсан Монгол орноо ч цуг шинэчилнэ

ikon.mn
2021 оны 3 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.

рдчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Намын даргын сонгуулийн зохион байгуулалт болоод гишүүд дэмжигчдийн оролцооны талаар ямар бодол төрж байна вэ?

Хөл хориотой холбоотойгоор орон нутаг руу явах боломжгүй, онлайнаар голдуу сурталчилгааны ажил явж байна. Талархалтай нь намын гишүүд, дэмжигчдийн оролцоо өндөр, зохион байгуулалт сайтай сонгууль болж байна. Анхан, дунд шатны намынхаа төлөөлөлтэй цахимаар уулзалдаад дууслаа. Гишүүд маань Ардчилсан нам минь хурдан цэгцэрч улс орныхоо өмнө зохих ёсны үүргээ гүйцэтгээсэй гэж маш их хүсч хүлээж байгаа нь уулзалтуудын уур амьсгалаас мэдрэгдсэн. Тийм ч учраас намын шинэчлэлийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болох даргын сунгаанд их ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна.

"Баялаг бүтээгчдийн талд зогсдог, дундаж ангийг хамгаалдаг улс төрийн хүчний орон зайгаа сэргээж байж намаа төдийгүй улсаа аварна"

-Танд намын даргад өрсөлдөх сэдэл яагаад бий болов гэдгээс үндсэн яриагаа эхлүүлэх нь зүйтэй санагдаж байна?

Ардчилсан нам шийдвэрлэх сорилтод тулж ирээд байна. Энэ бол зөвхөн манай намын бус Монгол улсын цаашдын хөгжил, ардчилсан тогтолцооны өмнө тулгарч буй сорилт юм. Ардчилсан нам маань өнөөдрийн сорилтыг давж бүрэн шинэчлэгдэж чадаж байж улс төрийн тавцанд голлох үүрэгтэй хэвээр үлдэнэ. Харин чадахгүй бол нэг мөр задарна, цаашлаад Монголын ардчилалд аюул учирна.

Ийм хурц нөхцөл үүсээд байхад парламентын танхимд сууж байгаа гишүүний хувьд зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй өөрчлөлт, шинэчлэлтийг удирдах, оройлон оролцох ёстой гэж УИХ дахь бүлэг, намын гишүүдтэйгээ ярилцаад, нэрээ дэвшүүлсэн.

Нөгөө талаар нэг л өглөө сэрээд “намаа шинэчилдэг хэрэг ээ” гэж гэнэт шийдчихээгүй. 2016 оны ялагдлын дараагаас намынхаа үзэл баримтлалыг тодорхой болгоё, үр дүн, гүйцэтгэлийг тодорхой хэмждэг, зорилго тавиад ажилладаг соёл руу шилжье гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлж, нийтлэл хүртэл бичиж, клуб, хөдөлгөөнүүдийг санаачлан жишиг болохуйц жижигхэн төслүүдийг ч хэрэгжүүлж ирлээ. Яавал Ардчилсан намын үйл ажиллагаа хүртээмжтэй, үр дүнтэй болох тухай шийдэл, санаачлагуудыг өмнөх удирдлагуудад ч удаа удаа гаргаж, танилцуулж явсан. Тэр бүхнийг хоосон орхилгүй, ажил хэрэг болгохоор сунгаанд оролцож байна.

-Намын ажил, удирдлага болохгүй байгааг хэлээд орхих биш, бүрэн өөрчлөх, шинэчлэх бүтээлч санал, шийдлүүдийг дэвшүүлээд явж байсан гэхээр шийдлүүдээ тодорхой харсан байгаа биз. Түүнээсээ дэлгэрүүлнэ үү?

Миний өрсөлдөж буй зорилго, дэвшүүлж буй хөтөлбөр товч тодорхой, ойлгомжтой. Ардчилсан намыг шинэчилнэ, гэхдээ ганцаараа биш гишүүдтэйгээ нэгдэж, хамтарч цуг шинэчилнэ. 200 мянган гишүүнтэй намыг шинэчлэх, энэ намын өөрчлөлтөөр дамжуулан улс орноо шинэчилнэ гэдэг амаргүй байх нь мэдээж. Бэрхшээл, дутагдлын шалтгааныг тодруулах оношийг зөв тавихаас ажлаа эхлэх ёстой.

Ардчиллынхан эв найргүй болсон асуудал л байгаа, энэ асуудлыг шийдэх амархан, эвийг нь олоод манлайлал, идэвхи үзүүлэхэд болно гэж ярьдаг хүмүүс байдаг. Би бол асуудлын шалтгаан ийм өнгөц бишээ, бид иж бүрнээр нь харж шинэчлэл хийх ёстой гэж үздэг.

Технологийн ололт, дэвшил түүнийг дагасан нийгмийн шилжилт өөрчлөлт, мэдээллийн хүртээмж гэх мэт шалтгаануудын улмаас олон газар ардчилал сорилттой нүүр тулж популимз газар авч байна.

Үүн дээр нэмээд уул уурхайн орлого дагасан халамжийг хавтгайруулан тараах бодлого хавсарч Монголын ардчилалд хүнд сорилт тулгаж байна. Мөн бидний мэдэж буйчлан Ардчилсан намын өмнөх үеийнхний талцал, өс хонзон, үзэл баримтлалаа умартсан олон үйлдлүүд давхцаад биднийг өнөөдрийн нөхцөл байдалд оруулсан.

Гол нь бид үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ талд тууштай зогсож чадахгүй байна. Сонгогчдын аясыг дагасан, яаж ийгээд сонгогдчих боломж хайсан савлагаатай бодлого бидний ялгарлыг үгүй хийсэн. Анх 90-ээд онд ямар өөрчлөлтийг Монголд авчрахаар хүсэж, тэмцэж явснаа эргэн санаж, 30 жилийн өмнөх ирмүүн мөрөөдөл, дэврүүн хүслээ эргэн өрдөж хүний эрхийг баттай хангах, хувийн өмчийг үргэлжид дэмжих, өмчлөх эрхийг төр дэмжихээс бус булаадаггүй, төрийн оролцоог хамгийн бага байлгах гээд үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлэхийн төлөө зогсох шаардлага байна.

Баруун төвийн үзэл баримтлалаа түгээх, дэвжээх, баялаг бүтээгчдийг бат нот дэмжих асуудалдаа тууштай зүтгэх цаг хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байна. Хэт зүүний үзэл баримтлалтай МАН-ын урт хугацааны засаглал халамжийг хавтгайруулж, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийг боомилж мохоож байна.  Энэ нь бүтээмжийг нэмэгдүүлэх, өсөлтийг авчрах чадваргүй нь тодорхой харагдлаа. Улсын эдийн засаг жинхэнэ сүйрэлд өртөж байгааг бид өдөр бүр харах боллоо. Бид яаралтай өөрчлөхгүй бол энэ улс Венесуэлийн араас дарангуйлал, ядуурал, цөхрөлийн ангал руу унах замдаа явж байна.

Ингэж нэг талд бурангуй хүч үүсэхийн хирээр нөгөө талд нь түүнийг давах их хэмжээний эрэлт бий болдог нь жам. Тийм учраас баялаг бүтээгчдийн талд зогсдог, дундаж ангийг хамгаалдаг улс төрийн хүчний орон зайгаа сэргээж байж бид  намаа төдийгүй улсаа сэргээн босгоно, аварна.

Манай намынхан 30 жил баруун төвийн үзэл гэж сонгогчдын ой тоонд энгийнээр буудаггүй, гарт нь баригдаж, нүдэнд үзэгддэггүй зүйл ярьж залхаасан ч байх талтай. Одоо энгийншүүлж, сонгогчдын ой тоонд буулгах, Ардчилсан нам надад юу өгөх вэ? тэд засгийн эрхийг баривал миний амьдралыг, Монгол орныг яаж өөрчлөх вэ? гэдгийг энгийнээр, тодорхой ойлгуулахаас эхлэх цаг болжээ. Надад эрх өгвөл Ардчилсан намд дахин брэндчлэл-ребрэндингийг бүрэн бүтнээр нь хийнэ.

"Баялгийг бүгдэд тэгш хүртээх арга нь халамж биш боловсрол, эрүүл мэнд, сайн цалинтай ажлын байр гурав"

-Дахин брэндчилнэ, ребрэндинг хийнэ гэдэг сонирхолтой сонсогдож байна. Та яаж АН-ыг шинээр сонгогчдод таниулах гэж байна вэ?

Ойлгохоос дэмжих эхэлдэг. Үзэл баримтлалдаа бат зогсож, уг язгуур мөн чанарыг иргэдийн, сонгогчдын ой тойнд шинээр байршуулна. Үзэл баримтлал, баруун төвийн үзэл гэхээр одоохондоо иргэдээс хол, хүчгүй, ойлгомжгүй сонсогдож байгаа байх. Ардчилсан нам 10 давхар байшингүй учраас ялагдаад, зуун жилийн түүхгүй учраас жижигдээд байна гэж би огт боддоггүй. Ардчилал, иргэний эрх, хувийн өмчийнхөө талд хэлбэрэлтгүй зогсож чадахгүй байгаа учраас л ялагдаад, сонгогчдын хүлээлтэд нь хүрэхгүй байгаа учраас иргэдийн итгэлийг олж чадахгүй байна л гэж боддог. Ийм учраас жинлэхэд жингүй, үзүүлэхэд биегүй ч үзэл баримтлал маань өнөөдрөөс эхлээд Ардчиллын хамгийн том үнэ цэнэ болох ёстой үздэг.

Учир нь манайхаас бусад Монголын улс төрийн хүчнүүд бүгд зүүний буюу нийгмийн халамжийг өөгшүүлж, төрийг данхайлган иргэдийн оролцоог хумиж, захиргаадалтаар удирдахыг дэмждэг улс төрийн байршил дээр шамбааралдаж байгаа.

Харин бид баялаг бүтээгчдийг тууштай дэмжих, халамж бус ажлын байрыг нэмэх, төрийн оролцоог эрс багасгах замаар хүнд суртал, авлигалыг устгана, эдийн засагт хүртээмж бий болгоно гэж итгэдэг үзэл баримтлалтай. Баялгийг бүгдэд тэгш хүртээх арга нь халамж биш боловсрол, эрүүл мэнд, сайн цалинтай ажлын байр гурав л юм.

Ийм том ялгарал, үнэт зүйлээ бид оновчтой ашиглахгүй, өрсөлдөгчийнхөө орон зайд орж байж сонгогчдоос дэмжлэг авахаар хий оролдоод байгаа учраас сулраад байгаа. Ер нь ихэнх хөгжсөн улсуудад баруун ба зүүний үзэлтэй улс төрийн хүчнүүд ээлжлэн засгийн эрхийг бариад хүчийг тэнцүүлээд явдаг жишиг бий. Гэтэл сүүлийн хэдэн жилд Монголын засаг төрд зүүнийхэн удаан эрх барьж байгаагаас халамж хавтгайрч, бүтээмж буурч, баялаг бүтээх эрмэлзэл унтарч, шуудхан хэлэхэд эдийн засаг том сүйрлийн ирмэгт тулчхаад байгааг та бид бэлхнээ харж байна.

-Эдийн засаг ангалын ирмэг дээр ирсэн гэдгийг дэлгэрүүлж болох уу?

Өнгөрсөн хугацаанд би УИХ-ын чуулганы танхимд ч, хэвлэл мэдээллээр ч эдийн засагт аюул тулгарч байгааг хангалттай хэлж сануулсаар ирсэн. Байгалийн баялгийг олборлонгуутаа анхан шатны ч боловсруулалт хийлгүйгээр түүхийгээр гаргаж байгаа орлого экспортын орлогын 90-ээс илүү хувийг эзэлж байна.

Ийм орлого бүтээмж өсгөдөггүй, дорвитой ажлын байр бий болгодоггүйг дэлхийн түүх харуулсан. Эсрэгээрээ эдийн засагт голланд өвчин буюу уул уурхайн хэт хамаарлыг архагшуулж, эмзэг байдалд орууллаа. Бид үүний том хохирогч болсон саяхны  гашуун сургамжаа мартаад байна. Эсвэл мартагнуулаад байна. Жилийн 17 хувийн өсөлт үзүүлж байсан эдийн засаг уул уурхайн мөчлөг дагаад унахад юу боллоо. Яагаад сургамж авахгүй өдий хүрч байгаа юм бэ. Уул уурхайн орлогыг боловсруулах үйлдвэрлэл, өөр орлогын эх үүсвэртэй болоход чиглүүлэхийн оронд хавтгайруулан тараах халамжийн бодлогыг л эрх баригчид хэрэгжүүлж ирлээ. Энэ бол хамгийн болхи, хамгийн хялбар бөгөөд үр ашиггүй зам. Үр дүнд нь Монгол улс уул уурхайн социализм, халамжийн капитализм гэх гаж нийгмийг байгуулчихлаа. Уул уурхайгаас бусад салбарууд шахагдаад бүтээмжгүй, өсөлтгүй болж байна. Ийм үхээнц байдлыг өөрчлөх, шинэчлэх хүсэл одоогийн эрх баригчдад даанч алга. Тэд гашуун үнэнийг хэлэхээс айж, маргаашийн сайхны төлөө өнөөдөр зориг, эрсдэл гаргахаас эмээж байна. Гэтэл нийгэм эдийн засгийн хувьд өдрөөс өдөрт сульдан доройтож, бухимдал хуримтлагдсаар байгаа.

Нийгмийн бухимдлыг МАН хууль бус бичлэг, ковид далимдуулсан хөл хорио, айдсаар л торгоож байх шиг. Эрх баригчид эрх мэдлээ хадгалах, дарангуйллаа ахиулахын тулд Монголчуудын ирээдүйг, бидний үр хүүхдийн сайн сайхныг золиослохоос буцахгүй болсон нь тод харагдаж байна. Тиймээс шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлийг ирэх жилүүдэд Ардчилсан нам түүчээлэн иргэдээ оройлон хийх болно.

"1990 оноос эхэлсэн ардчилал маань ч бас өнөөдөр шаварт суучихсан байна"

-Таны хөтөлбөр, намаараа хязгаарлагдахгүй Монгол улсын шинэчлэлтэй нягт уялдах нь ээ?

Цуг шинэчилнэ хөтөлбөр бол Ардчилсан намаа ч, Ардчилсан Монгол орноо ч цугт нь шинэчлэх хөтөлбөр. Улсаа ч, намаа ч иж бүрэн шинэчлэхийн тулд Шинэчлэлийн 4Х гэх цогц стратегийг санал болгож байгаа юм. Хурдан, Хөнгөн, Хүртээмжтэй, Холбогддог болох тухай санаа юм. 4х буюу 4 дугуйгаараа зүтгэдэг машиныг Монголчууд бид давхар мосттой машин гэж ярьдаг. Түрүүхэн Монголын эдийн засагт балчиг шаварт суусан тухай дурдсан. 1990 оноос эхэлсэн ардчилал маань ч бас өнөөдөр шаварт суучихсан байгааг бүгд харж байна. Ардчилсан намын асуудал олонд ил байгаа бол Монголын, эдийн засгийн хувь заяаны асуудал битүү, далд байгаагаараа  ялгаатай. Балчиг шавраас намаа, улсынхаа эдийн засгаа татаж гарахын тулд машинаар бид давхар мосттой болох шаардлагатай.

Хөнгөн гэдэг илүү цомхон, илүү ухаалаг, илүү орчин үежсэн, илүү дижитал нам болно гэсэн үг. Ардчилсан нам дээгүүрээ хөнгөрч, анхан шат руугаа хүчээ шилжүүлнэ. Монгол улсын хувьд ч бас адилхан. Дээр ярьсан уул уурхайн баялаг, бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд “хүнд” байна. Үүний эсрэг “хөнгөн” болоход мэдлэг шингэсэн, оюун шингэсэн эдийн засагтай болох тухай концепцийн өөрчлөлтийг ярьж байгаа юм. Тэгэхээр цаашид ч 4Х хөтөлбөр намын ч шинэчлэл, улсын ч өөрчлөлтийн концепцийг давхар агуулж байгаа юм шүү. Хөнгөн болмогц намын удирдлагын зардал багасч, гишүүдийн татвар, дэнчин буурна. Олон нийтийн зүгээс асар их шүүмжлэлд өртдөг дэнчин, татварыг бууруулснаар АН-ын олон залуусын мэдлэг, оюунаараа, нийгмийн капиталаараа өрсөлдөх боломж нь нээгдэнэ.

-Бид soft буюу оюунлаг зүйлсээс илүүтэйгээр биет, хатуу, хүнд зүйлсийг эрхэмлэдэг эдийн засагтай болчихсон. Таны дэвшүүлж буй хөнгөн болох үзэл санааны өөрчлөлтийг би л лав дэмжиж байна. Тэгвэл бусад гурван Х-ийнхээ тухай дэлгэрүүлээд яривал улам сонирхолтой байх бололтой.

Дараагийн Х бол хурдан болох юм. Юуны төлөө хөнгөрөх вэ? гэхээр бид хурдтай болохын тулд юм. Улсын хувьд ярихад Хятад, Орос гээд асар том, аварга эдийн засгийн дунд байна. Намын хувьд гэхэд асар том бүтэц зохион байгуулалттай, цайз хэрэмд байрлаж ажилладаг, улс даяар асар өргөн сүлжээтэй, төрийн бүх эрхийг барьж байгаа нам байна. Аварга биетүүдтэй өрсөлдөхийн тулд тэд нараас илүү хурдтай байх ёстой болно. Өнөө цагт том нь бус, мөнгөтэй нь бус хурдтай өөрчлөгдөж чаддаг, хурдан үйлдэж чаддаг нь л ялна? Хувьслын хууль ч тийм зүй тогтолтой. Дарвины онолоор зүйлүүдээс хурдтай, хувьсаж чаддаг нь тэсэж үлдсэн. Үлэг гүрвэлүүд аварга том байсан ч өөрчлөгдөж чадалгүй сөнөсөн. Тэгэхээр Ардчилсан нам урьдынхаас хэд дахин хурдан, технологижсон, цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийг хурдтай хийдэг болох шаардлага үүсч байгаа юм.

Хүртээмж буюу бүгдийн оролцоо бол том хүч! Хүн хөдөлмөрөө, хүчээ, цаг заваа, оюун сэтгэлээ зориулсан зүйлээ хайрладаг. Гэтэл сүүлийн 10 жилд Ардчилсан нам дотоод ажил, шийдвэртээ гишүүдээ оролцуулахаа больсон. Оролцуулахгүй байгаа учраас гишүүд нь хайрлахаа больсон. Одоо үүнийг шинэчилнэ. Дарга нар шийддэг биш гишүүдийн оролцоогоор шийддэг, төв рүү дээш чиглэсэн урсгалыг биш анхан шат руу чиглэсэн урсгалтай болгож өөрчилнө. Яагаад гэвэл бид илүү хурдтай, илүү хөнгөн нам учраас. 50,60,70,80-н оныхон гэж байгалийн үечлэлээр хуваагдаж, талцдаг байдлыг арилгаж бүх үеийн гишүүдийг, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүх гишүүдийг оролцуулдаг схемийг бүрдүүлнэ.

Холбогддог буюу холбоос хийдэг нам болно. Илүү хөнгөн, хурдан, хүртээмжтэй болохын тулд бусадтай хуваалцдаг, бусдад байгаа мэдлэг, мэдээлэл, нөөцийг ашигладаг, боломж нөөцийг хооронд холбож, синержи үүсгэх зайлшгүй шаардлага бий. Одоо манай намын гишүүд ч хоорондоо холбогдож чаддаггүй л цаг байна шүү дээ. Газрын зураг дээр нийлүүлээд зурчихсан ч Дорнод, Ховд, Сэлэнгэ хоорондоо холбогддоггүй, солилцоо хийгдэггүй, эдийн засгийн харилцаанд ордоггүй л байгаа.

-За уучлаарай, заавал асуух бас нэг асуулт байна. Ардчилсан намд үүсээд байгаа ойлгомжгүй дотоод нөхцөл байдал, хоёр даргатай, хоёр тамгатай юм шиг байдал үүссэн. Ийм нөхцөлд намын даргын сунгаа хүчин төгөлдөрт тооцогдох уу?

Хариулт нь намын дүрэмд бий. Аль дотоод сонгуулийн хороо, аль үндсэн дүрмийн хороо эрх зүйн чадамжтай вэ? гэдгийг дүрэмд тодорхой заасан. Сонгуулийн шийдвэрийг Дээд шүүхэд бүртгүүлэхэд шүүх Дотоод сонгуулийн хороо хаанаас байгуулагдсан, ямар чадамжтай вэ? гэдгийг анхаарна. Намын дүрмээр Их хурлаас сонгогдсон, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж буй Дотоод сонгуулийн хороо нь эрх зүйн чадамжтай юм. Дараагийн Их хурал шинэ Дотоод сонгуулийн хороог бүрдүүлэх хүртэл тэд хүчин төгөлдөр эрх, үүрэгтэй гэж би, намын гишүүдийн дийлэнх үзэж байгаа.. Ийм учраас И.Мөнхжаргал даргатай их хурлаас сонгогдсон Дотоод сонгуулийн хороонд би бүртгүүлсэн. Намын Их хурлаас байгуулагдаагүй Дотоод сонгуулийн хороо хууль бус.

"Өнөөдөр бид гадагшаа тэмцэх тамиргүй болсон учраас л дотроо тэмцэлдээд байна"

-Та намын даргад сонгогдвол ямар зарчим баримталж ажиллах вэ. Мөрийн хөтөлбөртөө намын эв нэгдлийг хангахад гол хүчээ өгч ажиллахаа мэдэгдсэн байсан?

Институци болох ёстой. Тэр нь дүрмээ дагадаг, дүрэмдээ захирагддаг дарга гишүүд болно гэсэн л үг! Цуг шинэчилнэ гэдэгт дарга ганцаараа шийддэгийг болиулах утга бас бий. Засагладаг биш багийн оролцоог чиглүүлдэг, хамтардаг дарга байна. Багаараа, шат шатны гишүүдээ оролцуулаад шинэчлэлийг хийж, олуулаа хийсэн шинэчлэлийнхээ үр шимийг олон хүртэж ялдаг нам болно. Ялалт, ажлын үр дүн гэдэг бол өмнөө өгөгдсөн даалгаврыг амжилттай хийвэл хүссэн ч, эс хүссэн ч ирдэг л зүйл гэж ойлгодог. Цугаараа оролцоод, 4Х шинэчлэлээ хийсэн байхад бид хэд хэдэн сонгуульд ялж чадах, урт хугацаандаа улс төрийн тэргүүлэх хүчин болох нөөц, чадавхтай нам л гэж хардаг.

Өнөөдрийн хувьд бол гадагшаа тэмцэх тамиргүй болсон учраас л дотроо тэмцэлдэж байгаа шүү дээ. Иймээс “гадагшаа хийх тэмцэлд” анхаарна. Бүлэгтэйгээ нэгдэж, бодлогын дэмжлэг үзүүлж хүчтэй сөрөг хүчин болж “хүнд” эдийн засгаа “хөнгөрүүлэх”, хөл хорио ковидод нэрвэгдсэн иргэд, бизнесийг дэмжих, бизнесийг боомилж буй төрийн оролцоог бууруулах, шүүх засаглал, шударга ёс, хүний эрхийг сандайлан суусан эрх баригчдын үйлдлийг залруулах гээд бидэнд хийх “тэмцэл” тун их байна.

-Сунгаанд намын дараагийн үе залуучууд хүч түрэн өрсөлдөж байна. 100 жил болсон МАН залуучуудаа дэмжиж байна. АН дараагийн үе,  залуучуудаа гаргаж ирж дэмжиж чадахгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. Ер нь та  өрсөлдөгч нэр дэвшигчдийнхээ тухай юу хэлэх вэ?

Ардчилсан намын удирдлагын төлөө анх удаа 70, 80 оны 4 залуу нэр дэвшлээ. Дараагийн үе бодлого тодорхойлж, өмнөх үеийнхэн зөвлөн, дэмжих бүгд оролцох түүхэн цагийн гэрч бид болцгоож байна. Ардчилсан нам уналтынхаа доод цэгт хүрчхээд байгаа үед зориг гарган нэр дэвшсэн, талцал, тэмцлийг эцэслэхэд нь дэм болоё, цучил нэмье, өнгө нэмье гээд өрсөлдөж байгаа журмын 3 нөхөртөө Ардчилсан намынхаа мянга мянган гишүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Хэн хэн нь цаашид улс төрд урт удаан явцгаана. Зүй ёстой, ам ажлын зөрүүгүй, баруун зүгийн үзэл баримтлалынхаа талд бат зогсоцгооно гэж итгэж байна.

-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ардчилсан нам сонгуулиас өмнө  даргаа сонгох нь чухал байгаа. Мөн Намын шинэ дарга сонгуульд намаа удирдан авч орно. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ямар бэлтгэлтэй орох, ямар амжилт гаргах бололцоотой гэж харж байна вэ?

Монгол гэрээр авч үзэх юм бол Ардчилсан нам яах аргагүй нэг багана нь мөн. Эрх баригчдад бүх хүч, бүх эрх мэдэл төвлөрч байгаагаас гэрийн зүүн багана хазайж, дарамт үүсэж байгаа. Нэг талд ингэж их эрх мэдэл төвлөрснөөр хатуу хараа хяналттай, хүний эрхийг уландаа гишгэсэн аюултай нөхцөл байдал руу шилжих гарцаагүй. Ийм учраас Ерөнхийлөгчийн сонгууль тэнцвэрийг хангах маш хариуцлагатай сонгууль. Ардчилсан нам ялагдвал ард түмэн ялагдах, Монгол хохирох сонгууль гэж харж байгаа. Иймээс нэн даруй намын дарга сонгогдоод шууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил руу орох ёстой.