Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны ерөнхий сайд вакцин тариулсныхаа дараа коронавирусийн халдвар авчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Пакистаны ерөнхий сайд Имран Хан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, өөрийгөө тусгаарласныг өчигдөр тус улсын эрүүл мэндийн сайд мэдээлжээ.

68 настай Хан үүнээс хоёр өдрийн өмнө буюу Пүрэв гарагт Хятадын Синофарм вакцины эхний тунг тариулсан юм.

Коронавирусийн эсрэг вакцинууд эхний тунгаас хойш хэдэн долоо хоногийн дараа дархлаа тогтоодог. Дархлаа бүрэн тогтох хүртэл хугацаанд коронавирусийн халдвар авах эрсдэлтэй байдаг юм.

Имран Хан эхний тунгаа тариулснаас хойш хурал уулзалтуудад олон удаа оролцож байжээ.

Баасан гарагт тэр бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны төслийг нээж үг хэлэхдээ амны хаалт зүүгээгүй байсныг хэвлэлийн мэдээнээс харж болно.

Пакистаны крикетийн үндэсний шигшээ багийн ахлагч асан Имран Хан эрүүл чийрэг биетэйд тооцогддог тул Covid-19 өвчнийг хөнгөн давах магадлалтай юм.

Тус улс гуравдугаар сарын 10-наас өндөр настнуудаа вакцинжуулж эхэлжээ. Дархлаажуулалтын хөтөлбөртөө Синофармаас гадна Хятадын CanSinoBio, Британийн AstraZeneca, Оросын Спутник V вакцинуудыг ашиглаж байгаа.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Пакистанд халдварын 623,135 тохиолдол бүртгэгдэж, 13,799 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC