Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Батлагдсан тохиолдлыг мэдсэн даруйдаа 24 цагийн дотор зөөвөрлөж, эмнэлэгт очсон өдөрт нь эмчилгээ эхэлдэг гэв

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-БЗД-ийн 16 дугаар хороонд 50-64 насны иргэдийг вакцинд хамрагд гэж дуудаад, очиход "Таны насны иргэдэд АстраЗенека вакцин хийнэ. Гэхдээ энэ вакцин нь дууссан" гэсэн хариулт хэлж байна. Энэ асуудалд тайлбар өгөөч?

-Г.Болдмаа: Вакцинжуулалтын төлөвлөгөөг бид гаргасан. Уг төлөвлөгөөнд 50-64 насны иргэдийг АстраЗенека вакцинаар дархлаажуулна гэж тусгасан. Одоогоор татан авалттай холбоотойгоор вакцин дууссан байдал үүсээд байна. Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр давтан вакцин ирэхээр тус насны хүмүүсийг АстраЗенека вакцинаар дархлаажуулна. 

-Төв аймгийн Мөнгөн морьт сумын наана байрлах замын ангиас халдвар илэрсэн байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Ж.Байгалмаа: Төв аймгийн Мөнгөн морьт суманд гуравдугаар сарын 19-нд нэг тохиолдол батлагдсан. Энэ хүн гуравдугаар сарын 14-нд Улаанбаатараас шинжилгээ өгөөд, сөрөг гэж гараад тус суманд тухайн компанийн 27 ажилтны хамт очсон.

Тус суманд үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Тухайн хүн гуравдугаар сарын 17-нд Улаанбаатар явах шалтгаанаар Багануур дүүрэгт шинжилгээ өгсөн нь өчигдөр ХӨСҮТ-д батлагдсан. Батлагдсан тохиолдлын хариуг Мөнгөн морьт сумын шуурхай штабт мэдэгдэж, компанийн 27 ажилтанг тусгаарлалтад авсан. Батлагдсан тохиолдлыг Төв аймгийн эмнэлэгт зөөвөрлөж эмчилгээнд оруулсан. 

 2020 онд 773 эмч, ажилтанд 1-ээс 5 сая төгрөгийн урамшуулал олгосон

-Халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Одоогийн байдлаар энэ тусламжийг нийт хэдэн ажилтанд олгосон бэ? Цаашид олгох уу?

-Г.Болдмаа: 2020 оны төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын ажилчдад дэмжлэг үзүүлэх урамшууллыг тусган батлуулсан. 2020 онд 773 эмч, ажилтанд уг нэгээс таван сая төгрөгийн урамшуулал олгосон. Үүн дотор ажлаа хийх явцад халдвар авсан 54 эмч, ажилтан багтсан.

Үүнээс гадна халдварын голомт болон тусгаарлах байранд ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, тархвар судлаач нар буюу 719 хүнд нэгээс таван сая төгрөгийн урамшуулал олгосон. 2021 онд уг урамшууллыг олгох мэдээлэл байхгүй байна.

-Халдвар авсан хүн тусгаарлалтад очоод хэд хоногоос эмчилгээ эхэлж байгаа вэ?

-Ж.Байгалмаа: Батлагдсан тохиолдлыг мэдсэн даруйдаа 24 цагийн дотор зөөвөрлөдөг. Эмнэлэгт очсон тэр өдөртөө эмчилгээ эхэлдэг.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/346131353487322