Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америк-Хятадын дээд түвшний уулзалтын эхний өдөр ширүүн уур амьсгал дунд болж өнгөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-БНХАУ-ын гадаад бодлогын тэргүүнүүд хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр Аляскийн Анкориж хотод уулзлаа.

Ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа анх удаа Хятадын засгийн газартай дээд түвшний яриа хэлэлцээ хийж буй нь энэ юм.

Уулзалтад АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Саливан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бол Хятадын төлөөлөгчдийг тус улсын гадаад бодлогын хамгийн өндөр албан тушаалтан Ян Жечи, гадаад хэргийн сайд Ван И нар ахалжээ.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний харилцаа сүүлийн жилүүдэд эрс муудаад байгаа.

Уулзалтыг нээж үг хэлэхдээ Блинкен АНУ-ын санааг зовоож буй Шинжаан, Хонг Конг, Тайваний асуудлууд, кибер халдлага, холбоотнуудад нь үзүүлж буй эдийн засгийн дарамт шахалтын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэйгээ мэдэгджээ.

“Эдгээр бүх асуудлууд дэлхийн дэг журам, тогтвортой байдалд заналхийлж байгаа юм” гэж Блинкен хэлсэн байна.

 

Үүний хариуд Ян Жечи АНУ-ын засаг захиргааг цэрэг зэвсгийн болон санхүүгийн хүчин чадлаа ашиглан бусад улс орнуудыг дарамталж байна гэж шүүмжилжээ.

“Ердийн худалдаа, эдийн засгийн харилцааг үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нэрийн дор алдагдуулж, улс орнуудыг Хятадын эсрэг турхирч байна” гэж тэр хэлсэн байна.

Ноён Ян бас АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлыг хөндөж, Африк гаралтай Америкчуудад амьд явах баталгаа байхгүй байгааг шүүмжилжээ.

 

Эхний өдрийн уулзалт дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дурангийн өмнө цаг гаруй хугацаанд үргэлжилсэн юм.

Эцэст нь АНУ-ын төлөөлөгчид Хятадын талыг уулзалтын тохиролцсон дэг журмыг зөрчиж, олон нийтийн нүдний өмнө жүжиг тавих зорилготой ирсэн байна гэж шүүмжилжээ.

Энэ удаагийн уулзалтаар Жо Байдены засаг захиргаа АНУ-ын хамгийн том өрсөлдөгч Хятад улстай харилцахдаа ямар бодлого баримтлах төлөвлөгөөтэй байгааг дэлхий нийтэд харуулах зорилготой байна.

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өмнө нь ярихдаа Хятадтай харилцах харилцааг АНУ-ын “21 дүгээр зууны геополитикийн хамгийн том сорилт” гэж нэрлэж байжээ.

Харин Хятадын тал ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед хамгийн доод түвшиндээ хүрсэн харилцааг сэргээж, “бүтээлч яриа хэлэлцээ” шинээр эхлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм.

 

Эх сурвалж: BBC