Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

NASA саранд хүн тээвэрлэж хүргэх аварга пуужингийнхаа хөдөлгүүрийг амжилттай туршлаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт NASA ирээдүйд саранд хүн тээвэрлэж хүргэх зориулалттайгаар бүтээж буй пуужингийнхаа тийрэлтэт хөдөлгүүрийн хэсгийг амжилттай туршжээ.

Space Launch System (SLS) нэртэй энэ пуужин нь 111 метр өндөр болох юм. Хамгийн сүүлд 1972 онд Америкчууд саран дээр хүн буулгаж байв. Одоо саранд дахин хүрэхийн тулд $30 тэрбумын өртөгтэй Artemis төслийг NASA хэрэгжүүлж байгаа юм. Үүний $18 тэрбумыг пуужин бүтээхэд зарцуулж байгаа.

Өчигдөр туршсан хэсэг нь пуужингийн хамгийн доод талын суурь хэсэг юм. “Hot fire” гэж нэрлэдэг туршилтаар пуужингийн дөрвөн хөдөлгүүрийг суурин дээр нь найман минутын турш ажиллуулжээ.

Энэ нь пуужин хөөрөөд дэлхийн тойрог замд хүрэх хүртэл хугацаа юм. Хэрвээ хөдөлгүүрүүд энэ хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал үргэлжлүүлээд пуужингийн дээд хэсгүүдийг угсрах ажээ.

Өчигдөр туршигдсан RS-25 хөдөлгүүрүүдийг Aerojet Rocketdyne компанид зохион бүтээсэн байна. NASA өмнө нь нэгдүгээр сард “hot fire” туршилтыг зохион байгуулсан ч хөдөлгүүрүүд нэг минутын дараа гэнэт унтарсан юм. Алдаагаа олж засварласны дараа ийнхүү хоёр дахь удаагаа туршсан нь амжилттай болж байна.

Artemis хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Америкийн сансрын хоёр нисгэгч саран дээр хөл тавина. Тэдний нэг нь эмэгтэй хүн байх юм.

Эх сурвалж: Tech Insider