Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

FACTCHECK: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: БЗД-ийн 26 дугаар хороонд гэнэт хөл хорио тогтоогоогүй, урьдчилж мэдэгдсэн – ХУДАЛ

ikon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Баянзүрх дүүрэгт тогтоосон хөл хорио гэнэтийн шийдвэр байгаагүй талаар мэдээлжээ.

Тодруулбал тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Миний сонгогдсон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан асуудалтай холбоотойгоор тайлбар хэлье. Баянзүрх дүүргийн 26-р хороонд гэнэтийн хязгаарлалт  хийлээ гэж яриад байна. Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Өмнөх өдрийн 18:00 цаг гэхэд тухайн хорооны бүх байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий.

Хоёрдугаарт хорооны байрны фэйсбүүк группүүдэд маргаашаас эхлэн  хорио тогтооно гэдгийг зарласан. Гаргасан журам, тогтоолын дагуу, нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэр гаргасан. Иргэдийн үл ойлголцсон, улс төржсөн асуудлаас ийм асуудал үүсээд байгаа юм билээ. Дүүргийн ЗДТГ бол шуурхай арга хэмжээ авч байна. Шуурхай ажиллаж нийт 16,500 иргэний 8500 гаруйгаас нь шинжилгээ авсан. Өнөөдөр дуусах байх. Шинжилгээний хариу аваад дуусвал маргаашаас хориог цуцлахаар ажиллаж байгааг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй” гэсэн юм.

Энэхүү мэдээллийг FactCheck.mn нягталсныг хүргэж байна.

“Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Өмнөх өдрийн 18:00 цаг гэхэд тухайн хорооны бүх байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий. Хорооны байрны фэйсбүүк группүүдэд маргаашаас эхлэн  хорио тогтооно гэдгийг зарласан”.

FACTCHECK:

Баянзүрх дүүргийн Онцгой комисс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хөл хорио тогтоох талаар шийдвэрийг хамгийн анх тухайн өдрийн 00:39 цагт дүүргийн онцгой комиссын албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэжээ.

 

Тухайн шууд дамжуулалтын доор иргэд “хар шөнө гэнэтийн шийдвэр гаргаж байна” гэх сэтгэгдэл бичсэн нь хадгалагдан үлджээ.

 

Харин үүний дараа 26-р хорооны Засаг дарга О.Түвшин өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ талаарх мэдээллийг 2021 оны 3-р сарын 17-ны шөнийн 03:01 цагт мэдээлэл болгон хүргэсэн байна.

 

Иргэдэд байр болон тухайн оршин суугаа хорооллын группүүдээр дамжуулан хөл хорио тогтоох талаар мэдээлэл хүрснийг оршин суугчид үгүйсгэснийг доорх зургаас харж болно.

 

3 дугаар сарын 16-ны 22:00 цагийн үед сэтгүүлчдийн дунд хөл хорио тогтоох талаар мэдээлэл гарсан бөгөөд дүүргийн хэвлэлийн ажилтан 23:30 цагт мэдээлэл хийнэ гэсэн зарыг түгээсэн боловч эцэслэн шийдэгдэхгүй байсаар 17-ны өдөр болсон юм.

Мөн хөл хорио тогтоосны дараа яагаад урьдчилан мэдэгдээгүй шалтгааныг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Өнгөрсөн хугацаанд иргэдээс хэд хэдэн удаа шинжилгээ авч байсан. Иргэдэд эрт зарлахад зуслан руугаа эсвэл хорооноосоо гараад өөр тийшээ явах тохиолдол гарсан. Ингэснээр шинжилгээг үр дүнгүй болгодог тул энэ удаад иргэдэд орой мэдээлсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ бүгдээс харвал УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн 26-р хороонд хөл хорио тогтоохдоо өмнөх өдрийн 18 цаг гэхэд иргэдэд хөл хорио тогтоох талаар мэдээлэл өгсөн хэмээн чуулганы танхимд худал мэдээлэл түгээсэн болох нь нотлогдож байна.