Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баярмөнх: Шинжилгээний хариу маргааш гарвал БЗД-ийн 26 дугаар хорооны хамгаалалтыг буулгана

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
БЗД-ийн 26 дугаар хороонд 3 дугаар сарын 17-ны өглөөний 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод буй. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 
 
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "БЗД-ийн 26 дугаар хороонд 2020 оны 12 дугаар сарын 18-нд коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар тухайн хороонд нийт 110 тохиолдол бүртгэгдээд байна.
 
Харин БЗД-ийн хэмжээнд нийт 1,200 тохиолдол бүртгэгдсэн. Бусад хорооноос гурав дахин илүү тохиолдол БЗД-ийн 26 дугаар хороонд бүртгэгдсэн. Тус хорооны 3,500 хүнийг PCR шинжилгээнд хамруулаад байна. Энэ байдлаар шинжилгээг аваад, маргааш хариу нь гарчих юм бол тухайн хорооны хамгаалалтыг буулгана. 
 
ЭМЯ-наас Улаанбаатарын идэвхтэй голомттой хүн амын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай нийслэлийн онцгой комисст бичиг ирсэн. Тодруулбал, БЗД-ийн 26, ХУД-ийн 15 дугаар хорооны хүн амын дунд халдварын тандалт хийж, тархалтыг бууруулах арга хэмжээ зохион байгуулах талаарх бичиг юм" гэлээ. 

Гуравдугаар сарын 17-нд тус хороонд илэрсэн коронавируст халдварын тохиолдлуудын байршил

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Тамир "БЗД-ийн 26 дугаар хороонд өчигдрийн байдлаар 7 тохиолдол илэрсэн. Энэ нь сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс илэрсэн юм.
 Эдгээр тохиолдол нь:
  • БЗД-ийн 26 дугаар хорооны  307 дугаар байрнаас 1,
  • БЗД-ийн 26 дугаар хорооны Саруул хотхоны 117 дугаар байрнаас 2,
  • БЗД-ийн 26 дугаар хорооны Эмаралд хотхоны 503 дугаар байрнаас 1,
  • БЗД-ийн 26 дугаар хорооны 428 дугаар байрнаас 1,
  • БЗД-ийн 26 дугаар хорооны Sunrise хотхоны 501 дүгээр байрнаас 2 тохиолдол тус тус илэрсэн.
Энэ нь бидний авсан шинжилгээний хариу биш. Өчигдрийн байдлаар тус хорооны 8,457 иргэн шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний хариунаас хамаарч, хөл хориог цуцлах саналыг дүүргийн эрүүл мэндийн төвөөс дүүргийн онцгой комисст хүргүүлэх болно" гэв. ​