Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадмын нээлт, хаалтын найруулагч эмэгтэй жүжигчнийг доромжилсон шалтгаанаар огцров

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Токио 2020 наадмын нээлт, хаалтын ажиллагааны найруулагч Хироши Сасаки

Токио 2020 зуны олимпын наадмын нээлт, хаалтын ажиллагааны ерөнхий найруулагч Хироши Сасаки эмэгтэй жүжигчнийг хэл амаар доромжилсон дуулианд холбогдож, өнөөдөр албан тушаалаасаа огцорчээ.

Тэрбээр өнгөрсөн онд Японы алдартай хошин урлагийн жүжигчин эмэгтэй Наоми Ватанабэг гахайны өмсгөлтэй нээлтийн ажиллагаанд оролцуулах санаа гаргаж байсныг өчигдөр Шүкан Бүншүн сэтгүүл анх мэдээлсэн байна.

Тухайн үед Сасакигийн санааг хамтрагчид нь хүлээж аваагүй юм байна. Сэтгүүлийнхэн түүний Line мессенжэр дэх групп чатад санаагаа тайлбарлан бичиж байсан баримтыг олж нийтэлснээр дуулиан дэгджээ.

"Санаагаа илэрхийлэхдээ зохимжгүй үг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Жүжигчин эмэгтэйгээс болон бусад хүмүүсээс чин сэтгэлийн уучлал гуйж байна" гэж Сасаки олимпын зохион байгуулах хороонд гаргасан огцрох өргөдөлдөө бичсэн байна.

33 настай жүжигчин Ватанабэ нь алдартнуудыг дуурайж элэглэдэг авьяасаараа Японд алдаршсан нэгэн юм. Гадаад улс орнуудад түүнийг арьс арчилгааны SK-II компанийн сурталчилгаа, Queer Eye: We’re in Japan! шоунд оролцсоноор нь мэддэг байна.

 
Наоми Ватанабэ

2020 оны зун зохион байгуулагдах хуваарьтай байсан Токио зуны олимпын наадам цар тахлын улмаас хойшилж, 2021 оны зун болох гэж байгаа.

Гэсэн хэдий ч цар тахлын хүрээ хумигдахгүй байгаагаас шалтгаалан үзэгчгүй хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагдах төлөвтэй байна. Өнгөрсөн сард Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварласан үг хэлснийхээ төлөө огцорсон юм. 

Түүний оронд томилогдсон Японы цөөн эмэгтэй улс төрчдийн нэг Сэйко Хашимото өмнөх даргын алдааг засаж, хүйсийн тэгш оролцоог хангах үүднээс олимпын зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлд 12 эмэгтэй захирал нэмсэн байна.

 

Эх сурвалж: BBC