Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ж.Эрдэнэбат өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. 

Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаагүй байсан юм. 

Учир нь түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм. 

Сонгогчдын олонхын санал авч, СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргасан ч хорих ял сонсоод байсан тэрбээр ийнхүү бүрэн эрхээ баталгаажууллаа. 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулаад байв.
Чуулганы дэгийн тухай хуульд тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт, асууж, үг хэлэхгүй гэж заажээ. 
 
ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/273358827742076