Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д гарсан зэвсэгт халдлагын үеэр зургаан Ази эмэгтэй алагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын гурван массажны газарт зэвсэгт халдлага дараалан гарч, нийт найман хүн алагджээ.

Эхний халдлагын үеэр Атланта хотын хойд захын Акворт дүүрэгт оршдог Youngs Asian Massage Parlor үйлчилгээний газрын дөрвөн ажилтан алагдсан байна. Тэдний хоёр нь Ази гаралтай эмэгтэйчүүд, хоёр нь цагаан арьстан эрэгтэй, эмэгтэй хүмүүс байжээ.

Энэ явдлаас цаг хүрэхгүй хугацааны дараа Атланта хотын нэг гудамжинд оршдог Gold Spa, Aromatherapy Spa үйлчилгээний газруудад зэвсэгт халдлага гарахад нийт дөрвөн эмэгтэй алагдсан нь бүгд Ази гаралтай хүмүүс байсан байна.

Алагдсан эмэгтэйчүүдийн дөрөв нь солонгос гаралтай болохыг Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам тодруулжээ. Цагдаа нар дээрх гурван халдлагыг үйлдсэн хэрэгт 21 настай цагаан арьст залууг сэжиглэн баривчилжээ.

 
Сэжигтэн Роберт Аарон Лонгийн гэрэл зураг

Роберт Аарон Лонг гэх сэжигтэн ганцаар дээрх аллагыг үйлдсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна. Харин аллага үйлдэх болсон учир шалтгааныг тодорхойлоогүй байгааг Атланта хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Сүүлийн жил орчим хугацаанд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор АНУ-д Ази гаралтай хүмүүс халдлагад өртөх нь нэмэгдсэн юм. Тиймээс энэ удаагийн аллагыг мөн цар тахалтай холбоотой үзэн ядалтаас болсон байж болзошгүй гэж хэвлэлүүд дүгнэж байна.

Америк дахь Ази гаралтай хүмүүсийг хамгаалах байгууллага Stop AAPI Hate (Asian Americans and Pacific Islanders) уг халдлагыг “үгээр илэрхийлэх аргагүй эмгэнэлт явдал” гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: BBC