Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд экосистемийн доройтлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн 6 сая ам.долларын санхүүжилтээр "Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл" хэрэгжиж эхэллээ.

Тус төслийг Монгол Улсад НҮБ-ын ХХААБ нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлэх юм байна. 

 
Төслийн үндсэн зорилго нь Дорнод Монголын хээрийн бүсэд талуудын оролцоо, газар нутгийн нэгдмэл түвшин, зах зээл-өртгийн сүлжээнд тулгуурлан, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн тогтвортой, дасан зохицсон амьжиргааг дэмжих замаар хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомстохоос урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа​ аж.

Төслийн баримт бичигт гарын үсэг зурах үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Бид үндэсний хэмжээнд байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй зэрэг бодлогын чухал асуудлуудыг нийгэм, эдийн засгийн хөгжлийг харгалзан үзэж хамтдаа шийдвэрлэх ёстой. Үүний тулд салбар дундын болон яам хоорондын нягт хамтын ажиллагаа маш чухал юм” хэмээв.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь “Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншүүдийн бүлэг”-ийг хамтдаа удирдаж, хөдөө аж ахуй түүний байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл, салбар хоорондын стратегийн ач холбогдол бүхий асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэл, дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.

Энэ үеэр БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хоорондын ойн тогтвортой менежментийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлын хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, салбар дундын зохицуулалт зэрэг чиглэлд өргөн цар хүрээтэйгээр нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлээд “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь манай яамны бодлогын гол түнш байгууллага. Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд маань үр дүнтэй, амжилттай байна гэдэгт итгэлтэй байна. НҮБ-ын Экологийн нөхөн сэргээх 2030 хөтөлбөрийн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээх чиглэлээр нягт хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн онцлов. 

 

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага