Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: Олуулаа болон өндөр настан, хүүхэдтэй хамт амьдардаг бол гэрээрээ эмчилгээ хийлгэх боломжгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа хүмүүсийг гэрт нь эмчлэх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: Халдварын тархалтын түвшин, нөхцөл байдалд үндэслээд хариу арга хэмжээний төлөвлөлтийг байнга шинэчлээд явж байна. Өчигдөр Шадар сайд манай яаман дээр ажиллаж, тэр үеэр төлөвлөлтийг ярьсан. Өдөр бүр 100-аас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа учраас эмнэлгийн орны болон эрүүл мэндийн ажилтны нөөц дээр дахин төлөвлөлт хийх шаардлагатай болсон. Гэрээр эмчлэх төлөвлөгөөг өмнө нь баталчихсан явж байсан. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх төлөвлөгөө хэрэгжиж байна. 

Нийт тохиолдлын 80-90 хувь нь хөнгөн хэлбэртэй байгаа хэдий ч бусдад халдвар тараах эрсдэлээс сэргийлэх зорилгоор эмнэлэгт эмчилж байсан. Мөн хөнгөн хэлбэрүүдийг 10-14 хоног эмчлэхэд ямар өөрчлөлт гарч байна, ямар тохиолдолд хүндэрч байгааг судаллаа. 

Яармагийн 300 ортой эмнэлэгт 1,000 гаруй хөнгөн өвчтөнийг эмчлээд гаргалаа. Ингэхэд маш цөөхөн тохиолдолд хүндэрч ЦТЭ болон ХӨСҮТ рүү шилжсэн. Ямар хүмүүс хүндэрч байгаа дээр анализ хийсэн учраас гэрээ эмчлэхдээ ангилалт хийх шалгуур үзүүлэлт гаргасан. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн бүх хүнийг гэрээр эмчилнэ гэж ойлгож болохгүй. Гэртээ олуулаа, настай хүмүүс, хүүхэдтэй хамт амьдардаг бол гэрээрээ эмчилгээ хийлгэх боломжгүй. 

- Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Халдвартай хүмүүсийг эмчилж байгаа эмнэлгүүдийн орны ачаалал хэр байгаа вэ?

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: ЦТЭ, ХӨСҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт  халдварын батлагдсан тохиолдлуудыг хүлээн авч байсан бол төлөвлөлтийн дараагийн шатанд эмчилгээ үйлчилгээг тухайн эмнэлэгтээ хийхгүй байгаа СХД, СБД-ийн эмнэлгүүд дээр ор дэлгэсэн. Одоогоор эдгээр эмнэлгүүд дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал гараагүй байна. НЭМГ-тай хамтраад тухайн дүүргүүд дээр ирж байгаа ачааллыг зохицуулаад явж байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 247 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нэн хүнд хоёр, хүнд таван хүн байгаа. ХӨСҮТ-ийн энгийн орны дүүрэлт нэлээн өндөр түвшинд хүрсэн. Харин хүндэрч ирсэн өвчтөнүүдийг хүлээн авахаар бэлдсэн эрчимт эмчилгээний орнууд бэлэн байгаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.17/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/432460108456441