Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: АстраЗенека болон Синофармын вакцинд хамрагдсан хүмүүсийн хоёр дахь тунг хадгалж үлдээсэн

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Өнөөдрийн байдлаар нийт эрүүл мэндийн ажилтнуудын хэдэн хувь дархлаажуулалтад хамрагдаад байна вэ?

- Халдварын нөхцөл байдалтай уялдуулаад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын 73 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна. Вакцинд хамрагдаагүй бусад хүнийг хуваарийн дагуу үргэлжлүүлэн хамруулах ажлыг хийнэ. 

- Жирэмсэн гэдгээ мэдэлгүй вакцин хийлгэсэн байна. Эх урагт нөлөөлөх үү?

- Манай улсын хэрэглэж байгаа вакцинуудыг жирэмсэн үедээ хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. Гэхдээ жирэмсэн гэдгээ мэдэлгүй хийлгэсэн тохиолдолд эх болон урагт нөлөөлнө гэсэн судалгааны үр дүн мөн гараагүй. Эмчтэйгээ зөвлөлдөж байгаад дархлаажуулалтад хамрагдах нь зөв. 

- Европын орнуудад АстраЗенека вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байна. Тус вакцинд хамрагдсан иргэд дараагийн тунгаа өөр вакцин хийлгэх үү?

- АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүсийн хоёр дахь тунг нөөцөлж үлдээсэн. Түүгээрээ бүрэн дархлаажуулах ажлыг зохион байгуулна. Синофармын вакцинд хамрагдсан бол мөн хоёр дахь тунгаа тус вакцинаар хийлгэнэ. Хоёр дахь тунг нь нөөцөлсөн байгаа.

- Коронавирусийн вакцин хийлгэсэн хүн PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу, шинжилгээ өгвөл хариу эерэг гарах уу?

- Вакцин хийлгэсэн хүмүүс шинжилгээ өгч болно. Вакцин хийлгэснээс болж шинжилгээний хариу эерэг гарах боломж байхгүй. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.17/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/432460108456441