Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Европын 13 улс AstraZeneca вакциныг түдгэлзүүлж, маргааш гарах дүгнэлтийг хүлээж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг AstraZeneca вакцинтай холбоотой маргаан Европ тивд үргэлжилж байна. Уг вакциныг тариулсан цөөн тооны хүнд цус бүлэгнэлтэй холбоотой хүндрэл үүсч, зарим нь амь насаа алдсан юм.

Үүнтэй холбоотойгоор Европын орнууд хоёр хуваагдаад байна. Дани, Норвеги, Исланд, Герман, Франц, Итали, Нидерланд, Австри, Ирланд, Кипр, Испани, Латви, Швед гэсэн 13 улс AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түдгэлзүүлээд байгаа юм.

Даваа гарагт Европын Холбооны хамгийн том гурван гишүүн болох Герман, Франц, Итали улсууд AstraZeneca вакциныг түдгэлзүүлж, EMA (European Medicine Agency) зохицуулах байгууллагын шалгалтын дүгнэлтийг хүлээхээр шийдсэнээ зарласан байна.

EMA-гийн экспертүүдийн зөвлөл дүгнэлтээ маргааш буюу Пүрэв гарагт зарлах юм.

Урьдчилсан байдлаар EMA хэдийгээр бага хэмжээний эрсдэл байгаа ч AstraZeneca вакцины вирусээс хамгаалах ач холбогдол өндөр тул дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглахыг Европын Холбооны гишүүн орнуудад зөвлөж байгаа.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ч мөн ингэж уриалж байна.

Сүүлийн өдрүүдэд Европ тивийн орнуудад коронавирусийн халдвар эрчимжиж, зарим улсууд хөл хорионы дэглэмээ сэргээж эхэлсэн цаг үетэй давхцан хүн амын вакцинжуулалтад саатал гарсан нь олон хүний санааг зовоож байгаа юм.

Тухайлбал Герман улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт өмнөхөөсөө 20 хувиар өссөн байна.

Франц улсын ерөнхий сайд Жан Касте коронавирусийн мутацлагдсан гурван хувилбар тус улсад тархаж эхэлснээр цар тахлын гурав дахь давалгаа эхэлж болзошгүйг анхааруулжээ.

Норвегийн нийслэл Осло хотод хатуу хөл хорионы дэглэм зарласан бол Итали, Нидерланд улсуудад мөн хорио цээрийн арга хэмжээ авч эхлээд байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Европын Холбооны гишүүн орнуудад нийт 575,000 орчим хүн Covid-19 өвчнөөр амиа алджээ.

 

Эх сурвалж: BBC