Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эзэн хаан вакцин тариулах ээлжээ хүлээж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хэвлэл мэдээллийн камерны өмнө тариулжээ.

Тэрбээр ирэх сард АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаад улсын анхны төрийн тэргүүн болох гэж байгаа юм. Тиймээс айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд вакцинжуулалтад хамрагджээ.

Сүга ерөнхий сайдыг дагалдаж явах 80-90 oрчим албан тушаалтан мөн вакцин тариулсан байна.

Япон улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрөө өнгөрсөн сард Pfizer/BioNTech-ийн вакцинаар эхлүүлсэн юм.

Вакцинжуулалтын хөтөлбөрийг хариуцсан сайд Таро Коногийн өнөөдөр мэдэгдсэнээр эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш насныхан хамрагдаж байгаа гэнэ. Тиймээс 72 настай ерөнхий сайд Сүга дарааллын дагуу вакцинжуулалтад хамрагдаж байгаа ажээ.

Харин Япон улсын эзэн хаан Нарүхито одоо 61 настай тул дарааллын дагуу ээлжээ хүлээж буйг Коно сайд хэлсэн байна.

Хаан ширээнээсээ сайн дураар буусан өмнөх эзэн хааны нас сүүдэр 87 хүрсэн тул удахгүй вакцины эхний тунг тариулах юм байна.

Өчигдрийн байдлаар Япон улс 290,000 иргэнээ вакцинжуулжээ.

 

Эх сурвалж: Reuters