Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дүү “өмхий ханхлуулахгүй” байхыг АНУ-д анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун охин дүү Ким Ёо Жоны хамт

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон сүүлийн үед Пёньяны дэглэмийн гадаад суртал нэвтрүүлгийн асуудлыг хариуцдаг болоод байгаа.

Өнөөдөр тус улсын төв хэвлэлд тэр АНУ, Өмнөд Солонгост хандаж, хатуу үгтэй мэдэгдэл нийтлүүлжээ.

Маргааш АНУ-ын шинэ засаг захиргааны төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Өмнөд Солонгосын нийслэлд анх удаа хөл тавих гэж байгаа юм.

Тиймээс Ким Ёо Жон тэдэнд урьдчилж анхааруулга өгсөн нь энэ бололтой.

Умард Солонгосын төв хэвлэл Родон Шимун сонин “Далайн цаанаас манай эх оронд дарийн үнэр тараахыг санаархаж буй АНУ-ын шинэ засаг захиргаанд хандаж хэлэх үг байна. Хэрвээ ирэх дөрвөн жилийн хугацаанд тайван амгалан унтахыг хүсэж байвал анхны алхмаараа ‘өмхий ханхлуулах’-аас зайлсхийсэн нь дээр гэдгийг анхааруулъя” гэж Ким Ёо Жон хэлснийг дамжуулжээ.

Тэр бас АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Ким Жон Ун ерөнхийлөгч Дональд Трамптай гурван удаа уулзсан ч үр дүнд хүрээгүй юм. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Умард Солонгосын талаар баримтлах бодлого энэ удаагийн айлчлалаар тодорхой болно.

Өнгөрсөн хугацаанд Байдены багийнхан Пёньянтай дипломат шугамаар холбоо тогтоох гэж олон удаа оролдсон ч ямар нэг хариу өгөөгүй гэсэн мэдээлэл бий.

Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, батлан хамгаалахын сайд Остин нар өнөөдөр Токио хотод айлчилж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC