Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцины талаарх албан ёсны эх сурвалжуудын ЗӨРҮҮТЭЙ мэдээллүүд

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Коронавирусийн цар тахлын үед төрийн байгууллагуудын мэдээллийг нэг цонхоор буюу зөрүүгүй мэдээлэл өгөх зорилгоор Засгийн газар дэргэдээ Эрсдэлийн мэдээллийн хороо гэх бүтцийг байгуулан ажиллаж эхэлсэн. Харамсалтай нь хороо байгуулаад ч мэдээлэл нэг цонхоор хүрэхгүй, иргэдэд ташаа ойлголт төрүүлэхүйц зөрүүтэй мэдээллийг албан ёсны эх сурвалжууд өгсөөр байна. 

60-64 настай иргэдээ вакцинд хамруулах уу, 50-64 насныхныгаа хамруулах уу?



2021.03.11

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: 

Боловсролын байгууллагын эмч, ажилчдын дараа өндөр настай иргэдээ дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэхдээ эхний ээлжид шууд өндөр настайгаас нь эхлэхгүй.

Вакцинд хамрагдах ахмадуудыг 50-60 гэх мэтээр насны эрэмбээр нь хуваарилсан. Хуваарийн дагуу тэдгээр иргэдээ эхэлж дархлаажуулна. 

2021.03.13

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

Халдвараар өвдөөд хүндрэх эрсдэлтэй 60-64 насныхныг ирэх долоо хоногт дархлаажуулна. 

2021.03.14

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

Ирэх долоо хоноггийн дундуур дээрх бүлгийнхний эхний тунгийн дархлаажуулалт дууссанаар 50-64 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхны иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.

2021.03.15

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

Энэ долоо хоногт 50-64 насны 185 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 34 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. 

Иргэд вакцинаа сонголтоороо хийлгэх үү?



2021.03.12

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Манай улс вакцинаа үнэ төлбөргүй, мөн сонголттойгоор хийлгэх боломжийг ард иргэддээ олгож байгаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Ер нь бол AstraZeneca, Синофарм, Спутник-V вакцинууд сонголтоор хийгдэж байгаа

2021.03.15

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Иргэдийн дунд буруу ойлголт яваад байх шиг байна. Манай улс дөрвөн вакциныг зөвшөөрсөн. Хүний эмийн зөвлөлөөс AstraZeneca, Спутник, Синофарм, Pfizer энэ дөрвөн вакцинд зөвшөөрөл өгсөн. Иргэд эдгээр вакцинаас сонгож хийлгэнэ гэж ойлгоод байгаа.

Вакцин хийлгэхээс өмнө эмч үзээд харшил, даралт зэргээс шалтгаалан эмнэлгийн заалтаар  сонгож хийх болохоос биш иргэдээр өөрсдөөр нь сонгуулна гэсэн үг биш юм. Зөвхөн заалтаар хийж байгаа. Очиход нь дөрвөн вакцин байна, түүнээс сонгож хийлгэнэ гэдэг зүйл байхгүй

Монгол Улс Спутник V вакциныг тусламжаар авч байгаа юу, худалдан авч байгаа юу?



2021.02.19

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

ОХУ-аас хандиваар 50 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн. 

2021.03.03

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: 

Эхний ээлжийн Засгийн газрын худалдаж авсан вакцин орж ирсэн. Энэ нь Спутник вакцин бөгөөд 10,000 тун ирсэн. Бусад вакциныг худалдан авах ажил чиглэл бүрээр хийгдэж байна. Засгийн газар коронавирусийн эсрэг вакцин худалдан авах хөрөнгө санхүүгээ шийдвэрлэсэн. Зөвхөн тусламжийн гар хараад сууж байгаа асуудал байхгүй. 

2021.03.16

"Монгол эм импекс" концерны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ: 

Спутник V вакцины 20,000 тун буюу 10,000 хүн тунг хоёрдугаар сарын 27-нд татан авсан. Үүнээс тодорхой тооны тунг Засгийн газарт хандивласан бөгөөд үлдсэн тунг Интермэд эмнэлэгт нийлүүлсэн. 

Ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-аас Спутник V вакциныг татан авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн татан авалтад Засгийн газраас худалдан авах гэж буй вакцины захиалга багтаж байгаа.

2021.03.16

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:

Спутник V вакцины хувьд Монгол Улсын Засгийн газар их хэмжээгээр авах тухай яриа хэлэлцээр явж байгаа. Хараахан авч амжаагүй байна. Харин хувийн хэвшил(Монгол Эм Импэкс)-ийн зүгээс 10,000 тунг оруулж ирээд зарцуулаад, зохион байгуулаад явж байгаа. 

Вакцин хийлгэх дараалал үйлчилж байна уу?



2021.02.15

Эрүүл мэндийн яам:

Зорилтот хүн ам Хамрагдах иргэд Хамрагдах хүн амын тоо
1 Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид 56,047
2 Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан(онцгой байдал, цагдаа...) 52,750
3 50-аас дээш насны хүн ам 583,545
4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 230,781
5 Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар..) 276,937
6 Дайчлах боломжтой ажиллагчид(вакцинжуулалт, хариу арга хэмжээний багт ажиллана) 65,937
7 Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид(хил, гааль, нүүрс тээврийн жолооч...) 329,687
8 Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид 69,234
9 Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам 313,202

 

2021.03.15

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

Гуравдугаар сарын сарын 15-наас:

  • Худалдааны салбар,
  • Нийтийн тээвэр,
  • Такси үйлчилгээ
  • Боловсролын салбарын багш, ажилчдыг вакцинд хамруулна

Монгол Улс COVAX-ийн хүрээнд вакцинаа үнэгүй авч байгаа юу?



2020.12.04

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

Дэлхийн банк болон ОУВС зэрэг дэлхийн улс гүрнүүдийн нэгдэл болсон эдгээр байгууллагуудтай сүүлийн жилүүдэд хамтарч ажилласны үр дүнд үүссэн харилцаагаа ашиглаж дээрх дурдсан харилцаан(COVAX)-д нэгдэж орсноороо Монгол Улс вакцины худалдан авалтын тэргүүн эгнээний цөөхөн улсуудын жагсаалтад орох боломжтой болох юм. 

Хамгийн том давуу тал нь тэр зээлд хамрагдсанаар нийт вакцины 20 хувийг үнэгүй авч байгаа. 80 хувийнх нь төлбөрийг хийнэ. 

2020.12.13

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

Ажлын хэсгийнхэн вакциныг яаж хурдан хугацаанд Монголд оруулж ирэх арга замыг сонгож байгаа. Энэ хүрээнд COVAX хөтөлбөрийн санаачлагчдын нэгээс санхүүжилт авахаар ажиллаж байна. COVAX хөтөлбөрийн хүрээнд улс орнууд вакциныг худалдан авна. Үүнд манай улс оролцвол вакцин авах хугацаа наашлах боломжтой.

2021.02.16

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

Хөтөлбөрт одоогоор 190 гаруй улс элссэн. Эдгээр улс орныг вакцин худалдан авах төрлөөр нь хоёр ангилж байгаа.

  1. Өөрсдийн санхүүжилтээр худалдан авах 90 гаруй улс

  2. Хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг үнэгүй авах улсууд

Монгол Улс 2020 оны долдугаар сард COVAX хөтөлбөрт элсэн хүсэлтээ өгч, хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах боломжтой улсын тоонд орсон. Өөрөөр хэлбэл, манай улс хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг энэ хөтөлбөрийн хүрээнд авна.  

Монгол Улс Синофарм вакцин ашиглаж байгаа юу, Синовак ашиглаж байгаа юу?



2020.03.15

Улсын Онцгой комисс:

Хятад улсын Синофарм компанийн Вероселл нэртэй вакцин түрүүлж гарсан. ДЭМБ өнөөдөр бүртгэж авах байх. Энэ вакцин нь манай улсад орж ирсэн.

Харин Синовак вакцин сүүлд гарсан бөгөөд манай улс аваагүй

2020.03.16

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа:

Дөрөвдүгээр сараас вакцины хоёр дахь тун хийлгэх иргэдийн хажуугаар эхний тунгаа хийлгэх иргэд үлдсэн байх тул төлөвлөгөөнд өөрчлөлт орно. Тухайлбал, Cиновак вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхлэх юм.