Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

ikon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
 

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гар дээр очлоо. Энэ дугаарт зөвхөн санхүүгийн салбарынхан гэж онцлолгүй хүн бүрд уншууртай, цаг үеийн мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ удаагийн “Бодлогын нийтлэл” буланд банк бус санхүүгийн байгууллагын зах зээлийн хууль эрхзүй, зохицуулалтын орчин, түүнийг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж буй бодлогын талаарх мэдээлэл багтсан. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар СЗХ-ноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 532 банк бус санхүүгийн байгууллага байгаагаас 77 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг бол гадаадын хөрөнгө оруулалттай 29, олон нийтэд хувьцаагаа санал болгосон 4 байна. Мөн халдварт цар тахлын үеийн банк бус санхүүгийн байгууллагуудын нөхцөл байдлын талаар СЗХ-ны ББСБГ-ын мэргэжилтэн Х.Тэмүүлэнтэй хийсэн ярилцлагыг сонирхон уншихыг зөвлөж байна. Цар тахалтай холбогдуулж иргэд, харилцагч руу чиглэсэн ямар хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа доголдож буй үед зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэх мэт цаг үеийн сэдэвтэй ярилцлага юм. Мөн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 онд анхаарах асуудлууд, “Судлаачийн индэр” буланд корона вирусын улмаас санхүүгийн салбарт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулахад хэрэгжүүлэх арга хэмжээний талаар буюу онцгой нөхцөл байдлын үед хямралыг хэрхэн даван туулсан улс орнуудын туршлага, авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаарх нийтлэл багтсан.

“Тогтвортой санхүүжилт” буланг шинээр нэмж уншигч Танд ногоон эдийн засгийг бий болгоход санхүүгийн зах зээлийн үүрэг оролцооны талаар цувралаар хүргэх болно. Эхнийх нь “Ногоон бонд”-ын тухай бөгөөд сонирхуулахад, анхны ногоон бонд 2015 оны долдугаар сард Насдакийн хөрөнгийн бирж дээр гарч байсан түүхтэй. Хөгжиж буй эдийн засагтай орнуудад тус бондын арилжаа жил бүр нэмэгдэх болсон.  Олон улсын санхүүгийн корпорациас гаргасан “Хөгжиж буй улс орнуудын ногоон бондын тайлан”-д тус өрийн хэрэгслийн арилжаа 2019 онд өмнөх оноос 21 хувиар нэмэгдсэн гэж дурдсан байдаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хүн төрөлхтөний аж байдалд хэдийнэ нөлөөлж эхэлсэн тул нийгмийн хэрэгцээг дагаж аж ахуйн нэгжүүд ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах нь нэмэгдэж буй тул ногоон бондын эрэлт, нийлүүлэлт өсөх хандлагатай байна.  

Эдийн засагч, санхүүчид, санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийт тогтмол сонирхдог олон улсын зах зээлийн мэдээ болон Европ, Төв Азийн орнуудын үйл явц, цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын хөрөнгийн зах зээлийн индекс зэрэг тоон мэдээлэл ч шинэчлэгдэн гарлаа. Иймд, “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаараас хэрэгтэй мэдээ, мэдээллээ авахыг зөвлөж байна.

Жич: “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаартай энд дарж танилцана уу.  

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо