Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжлийн хяналтын газар хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай хүнд металлын элементийн үлдэгдлийг хянадаг болжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл
00:00 00:00
Мэргэжлийн хяналтын газар хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай хүнд металлын элементийн үлдэгдлийг хянадаг болжээ
Sara, ikon.mn - text to speech

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80% хүртэл бууруулах, агаарын чанарын хяналтыг сайжруулах зорилгын хүрээнд Засгийн газар болон НЗДТГ-ын зүгээс шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. 

Үүнийг нэг нь Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслөөс Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын төв лабораторид “Хүрээлэн буй орчин дахь бүх төрлийн хорт хүнд металлын элементүүдийн үлдэгдлийг нарийн тодорхойлох иж бүрэн тоног төхөөрөмж буюу атом шингээлтийн спектрометр” болон “Дулаан алдагдлыг хэмжих багаж хэрэгсэл”-ийг хүлээлгэн өглөө.

Энэхүү тоног төхөөрөмж нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон хөрс, бохир ус, гүнийн ус, төвлөрсөн шугамын усанд дахь хүнд металлын элементийн үлдэгдлийг тодорхойлдог. Ингэснээр стандартад зөвшөөрөгдөх хэмжээнээс хэр давж байна гэдгийг хянаж, улмаар энэ нь агаарын бохирдол болон хөрс, усанд хэр их нөлөөтэй байна гэдгийг тодорхойлох чадвартай болно. 

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон хөрс, бохир ус, гүнийн ус, төвлөрсөн шугамын усанд дахь хүнд металлын элементийн үлдэгдлийг тодорхойлно

Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын Tөв лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа “Mанай лабораторид өнөөдөр Ажилент компанийн хамгийн сүүлийн үеийн атом шингээлтийн спектрометрийн багаж шинэчлэгдэн суурилагдаж байна. Бидний өмнөх багаж 10 гаруй жил хэрэглэгдэж, 2020 онд эвдэрч, хэрэглээнээс гарсан.

Стандартын хэмжээнээс давсан тохиолдолд хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай хортой хүнд элементийн үлдэгдлийг манай лаборатори хянах боломжтой боллоо”.

Цаашдаа гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах болон агаар, орчны бохирдлыг хэмжих суурин харуулуудыг нийлүүлнэ

Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох “Бид агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрс, усанд дахь хүнд металлын элементийн үлдэгдлийг тодорхойлж, арга хэмжээ авахад шаардагдах судалгаа, анализыг боловсруулахад үр дүнтэй тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаад баяртай байна.

Цаашдаа бид гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах болон агаар, орчны бохирдлыг хэмжих суурин харуулуудыг нийлүүлэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна” гэв.