Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/ төсөл манай улсын эрүүл мэндийн салбарт 2013-2021 онд амжилттай хэрэгжиж, дуусах шатандаа ороод байна. Үндэсний хэмжээнд цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, хот, хөдөөгийн эмнэлгүүдийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгүүдийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах үндсэн зорилтыг дэвшүүлэн ажилласан төслийн үр дүнг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран, ЭМСХХ-4, 5, 6 нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван ингэж дүгнэв.
-ЭМСХХ-5 төслийг амжилттай хэрэгжүүлж дуусах шатандаа орлоо. Энэ удаагийн төслийн онцлог юу байв?
-С.Энхболд: Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах чиглэлээр 2013 оноос эхлэн хэрэгжиж, дуусах шатандаа орлоо. Нийт 38.2 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн төслийг эрүүл мэндийн байгууллагуудад амжилттай хэрэгжлээ.
Төслийн хүрээнд ЦССҮТ-ийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Цус цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах, хэрэглэгчид хүргэх, үр дүнд хяналт тавих гээд бүх үе шатанд шинэ технологи (нийт 13), инновац нэвтрүүллээ. Цусны донор зохион байгуулалтыг шинэ шатанд гарган, авлагагүй донорын эгнээг нэмэгдүүлснийг онцлох нь зүйтэй. Энэ шинэчлэлийн үр дүнд ЦССҮТ-ийн үйл ажиллагааны чанар олон улсын түвшинд хүрснийг баталж, Лондонд төвтэй “Lloyd's Register Quality Assurance (Shanghai) Co.,Ltd олон улсын байгууллага ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг 2019 онд гурван жилийн хугацаатай олгосон. Монгол Улсад цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал бүрэн хангагдсанаар эмнэлгүүдэд хэрэглэдэг цусан бүтээгдэхүүн олон улсын шаардлага хангасныг нүүр бардам хэлж болно.
-Павит Рамачандран: АХБ-ны хувьд ЭМСХХ-5 төсөл их чухал төсөл юм. Бид төслийн хүрээнд тодорхойлсон зорилтууддаа хүрсэндээ их баяртай байна. Энэ төсөл гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхнийх нь улсын хэмжээнд цусны аюулгүй байдал, тогтолцоог бэхжүүлэх байв.
Төслийн хоёр дахь зорилт нь эмнэлгийн хог хаягдлын зохицуулалтыг шинэчлэн, сайжруулах байсан. Энэ хүрээнд бид эмнэлгийн хог хаягдал түр хадгалах байрыг 8 эмнэлгийн дэргэд барилаа. Эмнэлгүүд их хэмжээний хог хаягдал, тэр дундаа аюултай хог хаягдал гаргадаг. Тиймээс энэ бүрэлдэхүүн хэсэг чухал асуудлыг хөндсөн.
Төслийн гурав дахь зорилт нь эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах байв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 19 нян судлалын лабораторийг засаж, эмнэлгийн орчин дахь халдварын эрсдэлийг үнэлдэг, тархалтыг хянадаг тогтолцоог бүрдүүлсэн. Мөн II, III шатлалын бүх эмнэлгийн ариутгалын тасгуудын байр, тоног төхөөрөмжийг шинэчилсэн.
-А.Мөнхтайван: Азийн хөгжлийн банк Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж эхэлсэн 1991 оноос хойш ЭМСХХ-1, 2, 3 төсөл хэрэгжсэн. ЭМСХХ-4, 5 төсөл энэ жил дуусна. Манай улсад эмнэлгийн хог хаягдал, ялангуяа орон нутгийн эмнэлгүүдэд хог хаягдлаа устгах асуудал бэрхшээлтэй байсан. Цусны аюулгүй байдлын төсөлтэй уялдуулан эмнэлгийн дотоод халдварыг бууруулах чиглэлээр төслөөс маш том хөрөнгө оруулалт хийлээ. Эмнэлэг бүхэн Ариутгалын тасагтай. Тэнд мэс заслын, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэдэг багажуудаа ариутгадаг. Ариутгалын тасгуудыг эмнэлэг ашиглалтад орсноос хойш шинэчлээгүй, 20, 30, зарим нь 40 жилийн өмнөх хэвээрээ байсан.
Олон улсын зөвлөх байгууллагын тусламжтайгаар засвар хийж, зөв урсгалд оруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангалаа. УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ зэрэг улсын хэмжээнд тусламж үзүүлдэг эмнэлгүүдийн Ариутгалын нэгдсэн тасгуудыг шинэ шатанд гаргасан. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн дотоод халдвар үүсгэгчийг илрүүлэх Микробиологийн лабораторийг шинэчилснээр эмнэлгийн дотоод халдвар эрс буурлаа. Энэ ажлыг улсын бүх том эмнэлэг, 21 аймгаас сонгогдсон 13 аймгийн эмнэлэгт хийгээд байна. Энэ ажлыг ЭМЯ, АХБ-ны санхүүжилттэй ЭМСХХ-5 төслөөс эмнэлгүүдийнхээ хүчин чармайлтаар хийсэн нь төслийн маш том үр дүн.
-Эмнэлгээр үйлчлүүлэгч, эмч, мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлд хүрсэн үр дүнгээ хэрхэн хадгалах, цаашид энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ?
-С.Энхболд: Төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ гээд төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд, БОЭТ-үүд, аймгуудын нэгдсэн эмнэлэг гээд нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамрагдсан. Эмнэлгүүдийн Төвлөрсөн ариутгалын тасгуудыг халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалттай, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгож, багаж угаах, халдваргүйжүүлэх, савлах, ариутгах дамжлагуудыг автоматжуулах орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангалаа. Энэ ажилд нийт 66 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Мөн эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудад хамрууллаа.
Төсөлд хамрагдаж амжаагүй долоон аймгийн нэгдсэн эмнэлэгт АХБ-ны нэмэлт санхүүжилтийн зээлийн дагуу энэ хавар дээрх төсөл хэрэгжинэ. Ингэснээр манай улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн халдварын сэргийлэлт, ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа олон улсын стандартын түвшинд хүрэх юм. Цар тахалтай тэмцэж буй үед халдварын сэргийлэлт, хяналтыг олон улсын стандартын түвшинд хүргэж буй нь эмнэлгийн орчин дахь халдвараас үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтнуудыг сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн маш чухал ажил боллоо.