Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн БАЙР СУУРЬ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ёслолын дараа нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсэн юм. 

АН илүү хурдтай нам болох ёстой

 
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Цогтгэрэл "АН-д бүрэн шинэчлэл хийгдэх ёстой гэж боддог. АН гадагшаа бодлого чиглэлээ ярьдаггүй. Дотооддоо хямарсан улс төрийн байгууллага болон хувирсан.

Иймд гадагшаа тэмцдэг, гадаад өрсөлдөөнтэй болчихвол эв нэгдэл гэдэг зүйл аяндаа бий болно. АН илүү хурдтай, цахим, нийгмийн бүлгүүдэд хүртээмжтэй, иргэд төр хоёрын хоорон дахь холбоос нам болон өөрчлөгдөх ёстой" гэлээ. 

АН нэг даргын командад биш хамтын удирдлагатай нам болно

 
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэболд "Миний сонгуулийн мөрийн хөтөлбөрийн уриа бол 2024 онд АН-ыг ялуулах юм. Гурван зорилго тавьж байгаа. Нэгдүгээрт, намын дотоод эв нэгдлийг хангахын төлөө бүх хүчин чармайлтыг гаргана. Хоёрдугаарт, бид бодлогын сөрөг байх учиртай.

МАН-ын алдаа оноон дээр бодлогын асуудлыг гаргаж ирдэг, сөрөх, шүүмжлэхийн тулд биш ажил хэргийг ашигтай явуулахын тулд ард түмний язгуур ашиг сонирхолд нийцсэн улс төрийг явуулахын тулд АН хүчтэй сөрөг хүчин байх ёстой.

Гуравдугаарт, бодлогын сөрөг хүчнээс ялагч нам болно. Энэ зорилгынхоо хүрээнд анхан шат болох 21 аймаг, 9 дүүрэгт байгаа гишүүд, дэмжигчдийнхээ хамтын оролцоог сайжруулна. АН нэг даргын командад биш хамтын удирдлагатай  нам болно" гэв. 

Ардчиллын таван зорилго биелэгдвэл үндэстнээрээ ялна

 
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Амартүвшин "АН-ын эв нэгдэл хамгийн сөрөг асуудлыг дагуулж байна. Сунгаанд оролцож байгаа дөрвөн хүн өрсөлдөгчид биш юм. Хагарал бутралыг ялах ёстой. Хөгжлийн үзэл санаа гэдэг зүйл орхигдсон байна. 

Улс төрийн хүчний ганц зорилго бол Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгууль байдаг. Ардчиллын таван зорилго биелэгдэх юм бол манай улс үндэстнээрээ ялна" гэлээ. 

Намын гишүүд төвтэй нам руу шилжих ёстой 

 
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Пүрэвдаваа "Тогтвортой хөгжил мөрийн хөтөлбөрөөр энэ удаагийн сонгуульд оролцож байна. Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлыг нэн яаралтай шийдвэрлэхэд анхаарна.

Намын гишүүд төвтэй нам руу шилжих ёстой гэж үзэж байна. Богино хугацаанд хийх ажил олон байна. Эхний ажил бол намын гишүүдийн талцал юм. Иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа олон тохиолдол бий. 2024 оны мөрийн хөтөлбөрийг АН маш сайн боловсруулж, нийтийн нам болох ёстой " гэв.