Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороог тэргүүлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
МҮОХ

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж, 2023 онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн Залуучуудын II спортын наадмын асуудлаар санал бодлоо солилцжээ. 

МҮОХ-ны албан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын II наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн албыг хашихаар болсон байна. 

МҮОХ, Улаанбаатар хот, Зүүн Азийн наадмын холбоо (EAOC) нь 2017 оны долдугаар сарын 29-нд Тайчүн хотноо гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахаар албан ёсоор тохиролцсон билээ.

Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогдох Зүүн Азийн Залуучуудын II спортын наадам нь 2023 оны есдүгээр сард манай улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдож, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Хонг Конг, Хятадын Тайпей, Монгол, Гуам (урилгаар)-ын баг тамирчид оролцох юм.

Дашрамд дурьдахад, тамирчин байх үедээ хотын мэр Д.Сумъяабазар нь Бусан-1997 Зүүн Азийн II наадмаас чөлөөт бөхөөр алт, Н.Түвшинбаяр нь Хонг Конг-2009 Зүүн Азийн V наадмаас хүрэл медаль тус тус хүртсэн түүхтэй юм. 

Зүүн Азийн залуучуудын наадмын товч танилцуулга: 

  • Зүүн Азийн наадам анх 1993 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон.
  • Түүнээс хойш 1997 Бусан, 2001 Осака, 2005 Макао, 2009 Хонг Конг, 2013 Тяньжинь хот тус тус уг наадмыг хүлээн авсан.
  • Цаг үеийн шаардлагын дагуу оролцогчдын чанараас шалтгаалан, 2017 оноос Зүүн Азийн залуучуудын наадам болгон өөрчилж, анхныхыг нь Тайчүн (Тайвань), 2021 онд Улаанбаатарт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
  • Гэвч улс төрийн шалтгаанаас болж, Тайчүнь-2019 наадмыг цуцалсан.
  • Ийнхүү Зүүн Азийн олимпын хороод (EAOC)-ын хурлаар 2023 онд Зүүн Азийн Залуучуудын II наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлосон.
  • Тайжүн хотноо 2017 оны VII сарын 29-нд EAOC-МҮОХ-Улаанбаатар хотын төлөөлөгчид гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан.
  • Зүүн Азийн бүс нутагт БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Хонг Конг, Хятадын Тайпей, Монгол, Гуам (урилгаар) багтдаг.

Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Дэлгэр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн БТСХ-ны дарга Ж.Ганболд, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, зөвлөх Ж.Отгонцагаан, “Улаанбаатар спорт менежмент” Нийслэлийн төрийн өмчит хувьцаат компаний захирал Б.Тамир, гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр нар байлцжээ. 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо